Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуулийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2021.10.15/ Дэлхийн банкны суурин төлөөлөгч / Washington DC/-ийн газрын холбогдох хүмүүстэй цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин болон УИХ-ын Тамгын газрын зөвлөх, мэргэжилтнүүд байлцав.
Ажлын хэсгийн гишүүд төрийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн саналыг авах дэлхийн бусад улс орнуудын туршлагаас судлах зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн баталснаар авлига, хүнд суртлыг хумих төдийгүй бизнес эрхлэх орчныг сайжруулах, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох зэрэг олон давуу тал бий болно.
Зөвшөөрлийн нийтлэг зарчим буюу өргөдөл хүлээж авах, хариу өгөх, татгалзах зэрэг процессыг ил тод шилэн болгон хүнд суртлыг багасгаж, зөвшөөрлийн тоог бууруулах зорилго тавин Ажлын хэсгийн гишүүд уулзалт, судалгааг хийж буй.
Талууд Зөвшөөрлийн тухай хуулийн нэгдсэн төслийг боловсруулах явцад анхаарах асуудал, зөвшөөрөлтэй холбоотой аливаа харилцааг тодорхой хуульчилсан улс орнуудын туршлага, арга зүйн талаар мэдээлэл авч, санал солилцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.