Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалттай холбоотойгоор орон нутгийн малчид Улаанбаатарт ирж Эрчим хүчний сайдтай өнөөдөр (2021.10.15) уулзлаа.
2019 оноос УЦС-ын техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулаад 2020 онд улсын төсөвт Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх зардал тусгагдсан. Үнэлгээний багийнхан 4 удаа газар дээр нь очиж ажиллахад 3 удаад нь төслийн нэгжээс төлөөлөл хамт ажилласан байна.
УЦС-ыг байгуулахтай холбоотойгоор хийгдэх нүүлгэн шилжүүлэлтийн ажил дээр Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа бөгөөд нөхөн олговор олгохтой холбойтой хуулийн заалт, төслийн талаар мэдэээлэл гарын авлагыг ойрын хугацаанд орон нутагт тарааж, танилцуулна гэдгийг Эрчим хүчний яамныхан уулзалт дээр мэдэгдэв.
Эрдэнэбүрэнгийн УЦС нь зөвхөн баруун аймгуудыг импортын эрчим хүчний хараат байдлаас гаргаад зогсохгүй Монгол Улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлэх, ирээдүйд найдвартай эрчим хүчний үүсвэрээр хангагдах чухал ач холбогдолтой юм.
Цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг урагшуулахын тулд 258 айлыг нүүлгэн шилжүүлэх бөгөөд айл өрхүүдийг 2022-2025 онд нүүлгэн шилжүүлэх юм байна. Мөн УЦС-ын эргэн тойрны 28 мянган га газрыг тэр чигээр нь хүн амьдрах боломжгүй болох гэж байна гэсэн малчдын эмзэглэж буй асуултад салбарын яамныхан “Энэ бол ташаа ойлголт. Усны түвшин 1325 гэсэн тэмдэгт байгаа нь эрсдэлээс хамгаалсан дээд түвшний хэмжээ. Түүнээс биш үргэлж тэр түвшинд ус очихгүй. Тусгай хэрэгцээнд авсан бүсээс бүх малчин өрхийг нүүлгэн шилжүүлнэ гэсэн үг биш” гэсэн тайлбрарыг өглөө.
Харин Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Монгол Улсын эрчим хүчний салбар нөхцөл байдал хүнд байгаа. Эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэлээсээ давсан. Давсан хэрэглээгээ импортоор авч байгаа бөгөөд баруун бүсийн хэрэглээ хамгийн өндөр нь. Баруун бүс БНХАУ болон ОХУ-аас зургаан цэгээр импортын эрчим хүч авдаг. Импортын эрчим хүч өндөр үнэтэй, хараат, нөхцөл шаардлагыг хатуу тавьдаг, хэрэглээг цаашдаа тууштай хэмжээгээр нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Тиймээс Засгийн газар импортын хараат байдлаас гарах маш тодорхой бодлого баримталж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 16 эх үүсвэрийг шинээр барьж ашиглалтад оруулах ажлыг хийхээр төлөвлөсөн.
Дэлхий нийтийн жишигт нийцсэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр есийг барихаар төлөвлөсөн нь бараг бүгдээрээ баруун бүсэд баригдана. Тодруулбал, нэг УЦС, нар, салхины бага, дунд чадлын зургаан станц баруун бүсэд барихаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, баруун бүс дэлхийн жишигт нийцсэн, байгаль орчинд сөрөг нөлөөгүй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хэрэглээгээ хангах боломжтой болно.
Шинээр баригдах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс хамгийн том, Монгол Улсын эрчим хүчний системд тохирсон эх үүсвэр Эрдэнэбүрэнгийн УЦС юм. Ховд гол дээр УЦС барих асуудлыг 1964 оноос хойш гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагатай хамтран хийж ирсэн. Олон жил яригдсан энэ бүтээн байгуулалт одоо л ажил хэрэг болох нөхцөл бүрдээд байна.
Энэ төсөл маш сайн, маш чухал бөгөөд улс оронд хэрэгтэй хэдий ч ганцхан сөрөг нөлөө байгаа. Тэр нь тасралтгүй ажиллах усан сангийн талбайд МАА эрхэлж байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудал байна. Усан сан байгуулагдах яг энэ талбайд 258 өрх амьдарч байна. Эдгээр өрхийг одоо байгаагаас нь дордуулахгүйгээр нөхөн олговор олгож нүүлгэн шилжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар зохион байгуулна. Холбогдох хууль тогтоомжийн дагуу орон нутгийн засаг захиргаа идэвхтэй ажиллах үүрэгтэй” хэмээн хэллээ.