Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” Төрийн ордонд өнөөдөр эхэллээ.
Чуулганаар дээрх байгууллагуудын бие даасан, хараат бус байдалд тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг судалж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн төлөө шударга, хараат бус шүүх, прокурорын шинэчлэлийг хэрэгжүүлэх шийдэл, арга хэмжээг тодорхойлох юм.
Чуулганы нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ, Ерөнхийлөгчийн тухай хуульд хууль тогтоох, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагыг дэмжих тухай заасан байдгыг дурдаад, энэ хүрээнд тус чуулганыг санаачлан зохион байгуулж буйг тэмдэглэв. Тэрбээр, “Монголчууд хууль цааз, хүний эрхийн эрмэлзлэл, тэгш эрхийн зарчмаа алдаж байгаагүй ард түмэн.
Энэ үнэт зүйлийнхээ төлөө ямагт тэмцэж, хамгаалж ирсэн билээ. Шударга ёс бэхжиснээр, амар тайван, аз жаргалтай амьдрах жамтай. Тиймээс шүүх эрх мэдэл, хууль сахиулах салбарын алдаа оноог хэлэлцэж, бодлого тодорхойлох зорилгоор энэхүү чуулганд та бүхэн хүрэлцэн ирээд байна.
Хүний эрх, шударга ёс, хуулийг эрхэмлэх нэрийн дор чуулганыг зохион байгуулж байгаа юм. Энэ талаар ний нуугүй ярилцах ёстой. Хүний хувь заяаг дэнсэлдэг хуульчид хуулиа зөрчиж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж, хариуцлага тооцохыг шаардаж байна.
Шударга ёсыг тогтоох үүрэгтэй хууль сахиулагчид хуулиа эрхэмлэн дээдлэх ёстой. Энэ хүрээнд хууль дээдлэх, хуульчийн ёс зүйг эрхэмлэн баримтлах шаардлагатай. Шударга ёс нь үр дүнгээр хэмжигддэг, үнэт зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн биш хууль засаглана гэдэг Үндсэн хууль, бусад хуульд захирагдан гажуудал гаргахгүй, төрийн хуулийг яс чандлан сахихыг хэлж байгаа юм” хэмээн тэмдэглэсэн юм.
Мөн тэрээр, шүүх эрх мэдэл, хууль сахиулах салбарын материаллаг бааз, ажиллах орчин зэрэг шийдвэрлэх ёстой олон зүйлд анхаарч хамтран ажиллахаа илэрхийллээ.
Чуулганаар “Шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдал ба хуулийн засаглал”, “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаа ба хүний эрх, эрх чөлөө”, “Хуульч бэлтгэх тогтолцоо ба хуульчийн сахилга, хариуцлага” гэсэн сэдвээр салбар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагч зэрэг 500 гаруй төлөөлөл оролцож байна.