Үндэсний батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/-ийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, батлан хамгаалах, сурган хүмүүжүүлэх салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, тус салбарын хүний нөөцийг сургаж, бэлтгэхэд өндөр хувь нэмэр оруулсан багш, мэргэжилтэн, ажилчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Тухайлбал, батлан хамгаалах салбарт тасралтгүй 57 жил ажиллаж, Цэргийн нэгдсэн дээд сургуулийг их сургууль болгон хөгжүүлэхэд манлайлж, цэргийн бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, цэргийн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан бэлтгэл хурандаа Ядамын Мягмарсүрэнд Монгол Улсын гавьяат багш цол хүртээв.
Түүнчлэн ҮБХИС-ийн сургалтын чанар, багш нарыг заах аргаа дээшлүүлэх болон оюутны сурах үйл ажиллагааг ном, гарын авлагаар тогтмол хангаж, эрдэм шинжилгээний ажлын стандартчлалын тогтолцоо, “Батлан Хамгаалахын Их Сургуулийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Батлан хамгаалах салбарт шинжлэх ухаан, технологи, инновацыг 2021 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө” зэрэг бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад түүчээлсэн шинжлэх ухааны доктор, хурандаа Баасанжавын Өлзийхуяг, эрдэм шинжилгээний ажлаараа тэргүүлж, сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээний бүх шатны нэгжид үр бүтээлтэй, тогтвортой ажилласан доктор, бэлтгэл хурандаа Жавзангийн Хүрэл нарыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагналаа.