Тайвань улс БНХАУ-ын сүрдүүлэгт автахгүй, амьдралын ардчилсан хэв маягаа хамгаалах болно гэсэн мэдэгдлийг Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэнь хийжээ. Тайванийн Үндэсний өдөр буюу баярын өдрөөрөө ингэж мэдэгдэх болсон шалтгаан нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний арлын улсыг эх газрын улстай нэгтгэх амлалттай холбоотой юм. Бээжин Цай Ин Вэний мэдэгдлийг “Сөргөлдөөнийг улам хурцатгах сөрөг нөлөөтэй” хэмээн буруушаасан байна.
Бээжин сүүлийн үед Тайванийн усан хил рүү нисэх онгоцуудыг олон удаагийн давтамжтайгаар нисгэж байгаа бөгөөд арлыг нэгтгэхийн тулд цэргийн хүч хэрэглэх боломжийг үгүйсгэхгүй байгаа билээ. Бээжингийн энэхүү түрэмгийллээс болоод Тайван батлан хамгаалах салбараа чадавхижуулж, зэвсэглэлээ сайжруулах олон тэрбум ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэх асуудлыг Парламентаараа хэлэлцэж байгаа юм.
23 сая хүн амтай Тайвань улс өөрсдийгөө БНХАУ-аас тусгаар улс гэж үздэг бөгөөд салан тусгаарлах үзэлтэн, БНХАУ-ыг тууштай эсэргүүцэгч Цай Ин Вэнийг өнгөрсөн жил Ерөнхийлөгчөөр улираан сонгож, ашиг сонирхлоо тууштай хамгаална гэдгээ харуулсан юм.