Тэрбум мод тарих санаачилгатай холбоотой зарим зүйлийг Хүрээлэн буй орчин судлалын доктор М.Тунгалагаас тодрууллаа. Тэрбээр БОАЖ-ын Ойн бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай ойн салбарын чадварлаг судлаачдын нэг юм.
-Тэрбум мод тарих зорилтдоо хүрэхийн тулд монголчууд юунд анхаарах ёстой вэ?
-Хамгийн товчхондоо, тэрбум тарилтынхаа дор хаяж 75 хувийг нь баталгаатай ургуулахад анхаарах гэж хэлье дээ. Энэ бол Монголоор зогсохгүй бүс нутгийн хэмжээний томоохон мега төсөл болно. Иймээс мега төсөл яаж босч ирдэг вэ, тэр алхмуудаар анхнаас нь зөв явж, гол нь стратегиа маш сайн гаргах ёстой. Энэ талын туршлагатай хүмүүст хандах, энэ нь зөвхөн ойн мэргэжлийн хүмүүс байх ч албагүй. Энэ том төслийн стратегийг гаргахад явцуурхах шаардлагагүй бөгөөд мэргэжлийнхэнээс гадна олон нийтэд нээлттэй байх нь чухал.
Ерөнхийлөгч өөрөө манлайлж байгаа нь энэ төсөл хэрэгжих томоохон баталгаа болно. Манай ойн салбарын боловсон хүчин, хүний нөөц энэ том төсөлтэй тулахад бэлэн биш байгаа гэж харж байна.
-Манай улс энэ зорилтоо биелүүлж чадвал цөлжилтөнд хүчтэй өртсөн 129 сая га талбайг дөрвөн хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоог судлаачид танилцууллаа. Энэ хир бодитой тооцоо вэ?
-Таамаглаж байгаа тооцоо учраас яг бодит гэж хэлэхэд хэцүү л дээ. Ер нь нэг га-д мод тарих норм мэдээж хангай, говийн бүсээр өөр өөр. Холиод, одоо барьж байгаа нормоор тооцвол 500 мянган га талбайг бүрэн ойжуулж, улмаар ойн санг бодитоор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тоо бас гарч байна.
Бүрд, баян бүрдүүдээ өргөтгөөд явах, зам, төмөр зам, тариалангийн талбайг эмжээд явах, ойн талбайг өргөтгөөд явах гэх мэтээр маш олон арга замууд гарах учраас тооцоо стратегиас шалтгаалж гарах байх.
-Модны ургалт, арчлалтыг хариуцсан агентлаг байгуулах санаачлага гарсан. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Ойн агентлаг байгуулагдах нь тодорхой болсон. Энэ том төсөл, дээр нь монгол орны ойн бүх асуудлыг хариуцах агентлаг, түүнийг удирдан манлайлах удирдагч төслийн хувь заяатай шууд хамааралтай. Одоо хэрэгжиж байгаа төрийн албаны хууль дотроос гаргаж ирнэ гэхээр нэг л болж өгөхгүй харагдаад байгаа. Дээр нь агентлагийн дарга гэх юм уу, менежер нь хэдэн цаас бариад яамны сайдынхаа үүдийг сахиад суудаг байдалтай байвал энэ том төсөлд бас л нэг чөдөр тушаа үүсч болох юм, үүнийг ч бодолцох л ёстой.
-Ерөнхийлөгчийн санаачлагатай холбоотой орон нутаг болон албан байгууллага, аж ахуйн нэгжүүд дор бүрнээ, энд тэндгүй мод тариад эхэллээ. Ийм зохион байгуулалтаар явах нь хир тохиромжтой вэ?
-Намрын тарилт хийдэг цаг үетэй төслийн нээлт давхцсанаас ийм боллоо. Хашаанд юмуу, цэцэрлэгт хүрээлэнд мод тарих, байгальтай нүүр тулж тулалдан тарьж, ургуулах хоёр өдөр шөнө шиг ялгаатай нь ойлгомжтой. Анх удаа хэрэгжих гэж байгаа ийм том төслийн нээлт өөдрөг, зарим талаар нилээд сэтгэл хөөрөлтэй эхэлж байгааг муу зүйл гэж харахгүй байна. Бэлгэдэл талаасаа ч зүгээр. Гэхдээ хавар шалгалтандаа унахгүй байх хэрэгтэй, сая тарьсанаа арчилж тордохоо мартав даа. Тэрбум модны мега төслийн стратеги дор хаяхад нэг жил болж байж бэлэн болох биз ээ.