Эдийн засаг

Б.Жавхлан: Зураг төсөл, дэд бүтэц нь тодорхойгүй хөрөнгө оруулалт 2022 оны улсын төсөвт байхгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын дараа Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2020 оны төсвийн талаар товч мэдээлэл өглөө.

Сангийн сайд 2022 оны улсын төсөв цар тахлын нөхцөл байдал эдийн засагт ямар хэмжээний эрсдэл авчрах вэ гээд олон сорилт дор хийгдлээ. Гэхдээ бид аль болох бодит нөөц орлогоо сайн төлөвлөж, энэ хүрээнд төсвийн урсгал болон хөрөнгийн зардлаа тооцоолж байгаа. Эдийн засгийн гол секторуудаа дэмжиж байж хүнд нөхцөлөөс гарна.

Ялангуяа төсвөөр дамжуулж хувийн хэвшил болон эдийн засгийн суурь дэд бүтцийн салбаруудаа түлхүү дэмжих ёстой. Ингэж байж дунд, урт хугацааны дараагийн эдийн засгийн хүндрэлүүдийг давж чадах эрсдэл даах чадвартай эдийн засгийг бүтээнэ.

Тухайлбал энэ жилийн хөрөнгө оруулалтууд хөгжлийн хөрөнгө оруулалт болж байгаа гэж дүгнэмээр байна. Барилга байшин болон дараагийн урсгал зардлуудыг бий болгодог хөрөнгө оруулалтаас илүүтэй эдийн засгийн суурь дэд бүтцүүдийг дэмжих нь чухал юм. Жишээлбэл, замын бүтээн байгуулалтад зориулж энэ жил 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа бол ирэх онд 210 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

Газрын доор, дээр байдаг дэд бүтцийн салбарууд, эрчим хүчний салбарын шинэчлэл болон хөрөнгө оруулалтуудыг өмнөх жилүүдээс 4-5 дахин нэмэгдүүлж байна. Үүний хажуугаар эрүүл мэнд болон боловсролын салбарын хөрөнгө оруулалтууд дээр онцгой анхаарч байгаа.

Хэн нэгэн хүн миний төсөвт өртөг тэд орчим, арматурын үнэ ингэж нэмэгдсэн нэмээд өгөөч гэхэд ханцуй дотроо наймаа хийж байгаа юм шиг хандаж болохгүй.  300 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөг нэмэгдлээ гэсэн хүсэлт албан бичгүүд ирсэн. Энэ дотроос хуулийн дагуу зам хөгжил, барилга хөгжлийн институтаар ороод төсөвт өртөг нь магадлалаар батлагдсан төсвүүдийг төсөвт тусгадаг хуультай.

Үзэмжээр шийддэг нэг ч асуудал байж болохгүй. Ингээд санал хүсэлтүүдийн хүрээнд магадлалаар орсон 184.7 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдээд ирэх оны төсөвт суусан. Цаашид бид төсвийн хөрөнгө оруулалтаа маш хатуу сахилга баттай явах ётсой. Ямар нэг бэлтгэл нь хангагдаагүй, зураг төсөл, дэд бүтэц нь тодорхойгүй, газар нь олгогдоогүй зүйлүүдэд төсөв олгосноор хүндрэл үүсдэг. Ийм хөрөнгө оруулалтууд 2022 оны төсөвт үндсэндээ байхгүй” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close