Иракаас ирсэн, мазут ачсан хөлөг онгоц Ливаны Захрани цахилгаан станцын ойролцоо зангуугаа буулган зогсоно. Ливаны хоёр том цахилгаан станц болох Захрани, Дейр-Аммарт зууханд нь хийх түлш (мазут) дуусчээ. Үүний улмаас бямба гарагт тус улсын эрчим хүчний систем хагас өдрөөр зогссоныг The Guardian мэдээлэв.
Засгийн газрын эрх бүхий хүмүүсийн мэдээлснээр цахилгааны саатал хэд хоног ч үргэлжилж болзошгүй гэсэн байна. Азаар Төвбанкнаас нь 100 сая долларын зээл гаргаж, түлшээ авахаар болжээ.
Ливан улс хэдэн сарын турш түлшний хямралд ороод байгаа юм. Энэ бүгд авлига, Засгийн газрын муу удирдлагатай холбоотой гэж үзэж байна. НҮБ есдүгээр сард Ливанд түлшний хямралаас нь гарахад зориулан 10 сая доллар гаргахаа амлаж байлаа.
Тус улсад хүнсний бүтээгдэхүүн, түлшний үнэ огцом өссөнийг Express мэдээлжээ. Төрийн эрчим хүчний компани нь мазутаа армийн агуулахаас авах гэж байгаа ч амархан дуусах төлөвтэй байна.
Мазутын нийлүүлэлтийн асуудлаас болоод төрийн эрчим хүчний компани нь зуны цагт ард иргэдээ өдөрт 2-хон цагаар эрчим хүчээр хангаж байлаа. Үлдсэн цагт нь айл өрх, албан байгууллагууд хувийн генератороор болгодог байв. Гэтэл Ливаны Төвбанк наймдугаар сарын 12-нд валютын нөөцийн хомсдолоосоо болоод шатах тослох материалыг улсын хөнгөлөлтөө цуцлах шийдвэр гаргасан нь нөхцөл байдлыг улам дордуулжээ. Үүнээс болоод иргэд шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсгэж, эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн аж.
Есдүгээр сарын 22-нд тус улсад түлшний үнэ 15%-иар нэмэгдэж, наймдугаар сараас хойш 66%-иар өсчээ. Ливан улс валютын хомсдолоос болоод түлшний импортоо бүрэн зогсоосон гэнэ. Тус улс түлшний өөрийн гэсэн нөөцгүй юм байна.
Эх сурвалж: FOCUS