Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр (2021.10.11) УИХ-ын 18, 28-р тойрогт явагдсан нөхөн сонгуультай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Өчигдөр 07:00-22:00 цагийн хооронд Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт болж өнгөрсөн УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүсээд буй.
Өнөөдөр СЕХ хуралдаж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Дээрх хоёр тойрогт нийт 148 хэсгийн хороод байгаагаас 17 хэсгийн хороонд ирц хүрсэн. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороон дээр нэг хэсгийн хороо, Хэнтий аймагт 16 хэсгийн хороодод ирц хүрсэн. 148 хэсгийн хороодоос 131 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явуулна. Өчигдөр хяналтын тооллого буюу гараар 100 хувь тоолсон. 148 хэсгийн хороонд гар тооллогыг хийхэд автоматжуулсан системийн дүнтэй зөрөөгүй гэж СЕХ-ноос мэдээллээ.
18, 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд УИХ-аас СЕХ-ны зардалд 1.8 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Нийт хоёр тойргийн нөхөн сонгуулийг явуулахад шаардагдах зардал нь 2.2 тэрбум төгрөг. Дээрх 1.8 тэрбум төгрөгөөс үлдэж байгаа 400 гаруй сая төгрөг нь улсын бүртгэлийн байгууллагын зардал. Нөхөн сонгуулийн зардалд багтааж нэмэлт санал хураалтыг явуулна. Нэмэлт санал хураалтад ирцийн босго байхгүй гэж СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран мэдэгдэж байна.