“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ.
Энэ удаа бид Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг урилаа.
ЭДИЙН ЗАСАГ СҮҮЛИЙН АРВАН ЖИЛД ДОРВИТОЙ ТЭЛСЭНГҮЙ
-Монгол Улсын эдийн засгийн сүүлийн 30 жилийн мөчлөгийг харахад 1992 онд буюу зах зээлийн шилжилтийн эхэн үед -9.3 хувийн уналттай байсан. Түүний дараа 2008 оны дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор 2009 онд -1.3 хувь уруу орсон байдаг. Харин өнгөрсөн онд цар тахлын улмаас -5.3 хувь байна. Өнөөгийн нөхцөл байдлыг 1990 онд төстэй эдийн засгийн төвшинд байсан орнуудтай харьцуулахад тийм ч муу биш. Өсөлттэй харагдаж байгаа.
Гэхдээ Монголын эдийн засаг савлагаа их, тогтворгүй явж ирсэн. Тухайлбал, 2009 онд -1.3 хувийн агшилттай байсан бол хоёрхон жилийн дараа 2011 онд дэлхийн эдийн засаг хямарч байхад Монгол Улс ганцаараа шахам 17.3 хувийн өсөлттэй гарч байсан. Гэтэл тэр савлагаа доошилсоор -5.3 хувь уруу орсон байх жишээтэй. Өсөлтөөс ийм л дүр зураг ажиглагдаж байна.
Харин нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг харвал сүүлийн арван жилд 4000 гаруй ам.доллар хэвээрээ. Ердөө ахисангүй. Монгол Улс өргөн дэлгэр газар нутаг, асар их байгалийн баялагтай хэрнээ яагаад эдийн засгаа тэлж чадахгүй байна вэ гэдгийг том зургаар нь харах ёстой.
Монгол Улсын Засгийн газрын баримталж байгаа шинэ сэргэлтийн бодлого эдийн засгийг тэлж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг өсгөхөд чиглэнэ. Нэг үгээр хэлбэл 4000 ам.долларыг 8000 болгохыг зорино. Дэлхийн дундаж эдийн засгийн өсөлт 2-4 хувь хүрэхээс биш тэр болгон хоёр оронтой тоо руу ордоггүй. Тиймээс 8000 болгох зорилт маань ганц хоёр жилд хүрч чадах зорилт арай биш.
Гэхдээ хамгийн чухал нь бид тэр зорилт руу тэмүүлсэн алхмуудаа өнөөдөр хийж эдийн засгийн бодлого тогтвортой байх ёстой.
Засгийн газар шинэ сэргэлтийн бодлого баримтлахаа зарлаж, ирэх оны төсвийг мөчлөг сөрсөн хөгжлийн төсөв гэж тодорхойлж нэлээдгүй шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа. Гэхдээ нэгэнт тогтсон системийг өөрчлөх, томоохон реформ хийх гэдэг бас амаргүй. Төсвөөс гадна шинэ сэргэлтийн бодлогыг ерөнхий зургаар нь харвал нэлээн өргөн хүрээний либералчлал, зарим талаар шинэ боломж ч байж магадгүй гэж харж байгаа.
Сүүлийн 30 жилийн эдийн засгийн тогтворгүй байдал нь бизнесийн жам ёсны хөгжилд маш их нөлөөлсөн. Магадгүй төр бүх зүйлд хэтэрхий оролцож, зөв голдрил алдагдсанаас төр өөрийгөө тодорхой хэмжээнд хязгаарлахаас аргагүй болж байна. Төрд байгаа мэдээллийг бүх шат дамжлагад хүртээмжтэй ашиглах ёстой байтал бизнес хийхийн тулд яагаад төрийн хийх ёстой ажлыг хувийн хэвшил гүйцэтгэж, хэдэн арван бичиг баримт бүрдүүлж цаг зав, хөрөнгөө үрэх ёстой юм гэдгийг эргэж харах ёстой.
Ер нь энгийнээр хэлэхэд хотын түгжрэлийн үндсэн шалтгааны нэгийг төрийн байгууллага дамжиж ажил хөөцөлдөхтэй ч холбоотой гэж бодож байна. Эргээд энэ байдал ажлын бүтээмжид ч нөлөөлнө. Төр жамаараа яваа хөгжлийг жам бусаар хөндлөнгөөс чөдөрлөн хазаарлагч биш, харин дэмжин тэтгэгч байх шаардлагатай.
Хоёр том хөршийн дунд оршдог манай орны хувьд эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх шаардлагыг цаг ямагт анхаарч үзэж байх учиртай. Гадны туршлагыг судалж, сурч мэдэх зүйл их ч тухайн улс орнуудын жишээ болгон Монголд тохирно гэсэн үг бас биш. Цаашид Монгол Улс ямар замаар явах вэ гэдэг шийдлийг бид өөрсдөө л гаргах ёстой.
Блиц
Ерөнхий сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Э.Болормаа
Боловсрол:
•АНУ-ын Орегоны Их сургуульд-Эдийн засаг, олон улсын харилцаа (Бакалавр)
•АНУ-ын Колумбын Их сургуульд-Төрийн удирдлага, хөгжлийн бодлого (Магистр)
Ажлын туршлага:
•Дэлхийн банкны төв оффис-Уур амьсгалын өөрчлөлтийн газрын шинжээч (АНУ)
•НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн төв оффис-Ази, Номхон далайн орнууд хариуцсан мэргэжилтэн (БНСУ)
•Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төв оффис-Түншлэл хариуцсан мэргэжилтэн (БНХАУ)
МОНГОЛД ВАЛЮТ ОРУУЛЖ БАЙГАА БҮХ ЗҮЙЛИЙГ ЭКСПОРТ ГЭЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ
-Монгол Улсыг хөгжүүлэх, эдийн засгийг тэлэх гарц бол экспорт. Үүний тулд экспортыг олон талаас нь авч үзэх хэрэгтэй. Зөвхөн нүүрс, ноос, ноолуур зэргээр төсөөлөх биш соёлын бүтээлч үйлдвэрлэл, IT, аялал жуулчлал гэх мэт Монголд валют оруулж байгаа бүх л зүйлийг экспорт гэж харах ёстой.
Гашуун сухайтын боомт ажиллаж байгаа эсэхээс үл хамааран өөр олон салбар экспорт хийдэг байгаасай гэж бодож байна. Манай улс эдийн засгийн тэргүүлэх зургаан чиглэлээ уул уурхай, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл болон мэдээллийн технологи, эрчим хүч, хөдөө аж ахуй, тээвэр логистик гэж зарласан. Бүгд хоорондоо уялдаа холбоотой.
Энэ жил хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ 40 орчим их наяд төгрөг байхад төсөв 13 гаруй их наяд байгаа нь хэтэрхий данхар бүтэцтэй байгааг харуулж байна. Нэг талаас төсөвт анхаарахаас илүү эдийн засгийн бүтцээ том утгаар нь харвал хувийн хэвшилд илүү боломж олгох нь хамгийн оновчтой шийдэл юм. Манай улс илүү их мөнгөтэй больё, олон эх үүсвэрээс орлого ольё гэвэл экспорт хийхээс аргагүй. Бид мөнгө олдог байж зардаг байх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл үндэсний хуримтлал үүсгэх, төлбөрийн тэнцэл, валютын нөөц, эдийн засгийг тогтворжуулах гол зүйл бол экспорт. Манай улсын ажиллах хүч 1.2 сая хүний бараг дөрөвний нэг нь төрөөс цалинжиж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Төр баялаг бүтээгч биш учраас ажиллах хүчний дөрвөн хүн тутмын нэг нь төрд ажиллаж байгаа нь буруу жишиг юм.
Төр зөвхөн зохицуулалтаа авч үлдээд бусад ажил, үйлчилгээгээ хувийн хэвшилд шилжүүлж хүний нөөцийн бодлого, менежментийг ашиглах нь зөв. Хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ баялаг бүтээх, эдийн засгаа тэлэх чиглэлд ажиллуулахын тулд төрийн данхар бүтэц, уялдаа холбоо сул байдлыг багасгах ёстой.
Уул уурхайн салбарт ч мөн адил төр баялгийг тэгш хуваарилах, зохицуулахад оролцож болно. Харин хувийн хэвшлийг олборлолт хийх боломжоор нь хангаж, лицензийг ч мөн адил либералчлах ёстой. Гэхдээ эдийн засгаа тэлэх стратегийн мега төслүүд дээр бол мэдээж төрийн зохицуулалт, оролцоо байх нь лавтай.
Төр зарим үйлчилгээ, эрх мэдлээ хувийн хэвшилд шилжүүллээ гээд айхтар асуудал үүсэхгүй болов уу. Тэртээ тэргүй Монголын төр хувийн хэвшилдээ маш сайн хяналт тавьдаг гэж боддог. Зарим үед хяналт нь хэтэрдэг ч байж мэднэ.
Харин төр өөртөө хэр сайн хяналт тавьж чадаж байна гэдгээ эргэж харах хэрэгтэй. Хувийн хэвшил үйлчилгээгээ чанаргүй үзүүлбэл тендерийн хар жагсаалтад оруулах, гэрээ цуцлаад дараагийн компанид шилжүүлэх гээд хяналт тавьж, хариуцлага тооцох зэрэг олон арга хэлбэр бий. Гэтэл төр өөрийнхөө үзүүлж байгаа үйлчилгээнд хяналт тавих бэрхшээлтэй. Одоогийн системээр бол төр өөртөө биш хувийн хэвшилд хяналт тавих нь илүүтэй байгааг бодолцох хэрэгтэй.
ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ЦОГЦООР НЬ ХАРСАН ЯАМТАЙ БОЛНО
-Монголын төрийн өнөөгийн систем үндэсний хэмжээний хөгжлийн бодлого хийхэд хэцүү. Хамгийн наад зах нь хөгжлийн бодлого хариуцсан яам байдаггүй. Сангийн яам төсвийн бодлогыг зангидахаас биш хөгжлийн бодлогыг цогцоор харах чиг үүрэг, бүтэц байхгүй.
Тиймээс Засгийн газар хоёр шинэ яам байгуулна гэж зарласны нэг нь Хөгжлийн бодлого, эдийн засаг, худалдаа, гадаад хөрөнгө оруулалт хариуцсан яам байх юм. Шинээр орон тоо бүтэц нэмэхгүйгээр одоогийн Үндэсний хөгжлийн газар дээр түшиглэн зарим яамдаас холбогдох чиг үүргийг татаж байгуулах бүрэн боломжтой.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 560 гаруй хөгжлийн бодлогын баримт бичиг баталсан. Гэтэл энэ олон баримт бичгүүд нь салангид, уялдаа холбоо тааруу учраас хөгжлийн бодлогыг цогцоор нь харах, хэрэгжүүлэх боломжгүй байсан. Үүнийг Ерөнхий сайд гардан хариуцаж ажилласан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого нэгтгэж ирэх 30 жилийн хөгжлийг зурагласан.
Энэ баримт бичигт тусгаснаар хөгжлийн бодлогын зөвхөн нэг тулгуур нь л эдийн засаг. Үүнээс гадна хүний хөгжил, амьдралын чанар, үндэсний нэгдмэл үнэт зүйл, засаглал гэх мэт олон тулгуурт хөгжлийн бодлогыг тодорхойлсон. Ерөнхий утгаараа төр ард түмний нийтлэг хүсэл тэмүүлэл бол улсын хөгжлийн бодлого гэж би хувьдаа ойлгодог.
Гэтэл энэ бүгдийг зангидсан нэгдсэн институц байхгүй бол уялдаа, холбоо, хэрэгжилтийг хангах боломж тэр хэрээр суларна. Ийм л учраас тусгай чиг үүрэг бүхий яамтай болбол Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичиг, төсөл хөтөлбөрүүдийг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Улс орныг хөгжүүлэх санаа, концепци хангалттай бий.
Харин бодит ажил хэрэг болгоход илүү их анхаарах цаг болсон. Энэ бүхэн Засгийн газрын тухай хуульд холбогдох өөрчлөлтийг тусган УИХ-д өргөн барихаар илүү тодорхой болно.
Засгийн газар хөгжлийн бодлогод онцгой ач холбогдол өгч буйг Ерөнхий сайдын ахалсан таван үндэсний хорооноос харж болно. Эхнийх нь экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах эдийн засгийг тэлэхэд чиглэнэ.
Хоёрдахь нь авлига, хүнд сурталгүй, чанартай төрийн үйлчилгээг бий болгох цахим шилжилтийн үндэсний хороо юм. Гуравдахь нь хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжил, нийслэлийн автозамыг түгжрэлийг бууруулж амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлд ажиллах юм.
Дараагийнх нь орон сууцжуулж дундаж давхаргыг тэлэхэд үндэсний баялгийн сан, хуримтлалын нэгдсэн сантай уялдуулах бол тавдахь нь эрүүл мэнд, боловсролтой холбоотойгоор олимпизмыг дэлгэрүүлэх үндэсний хороо ажиллаж байна. Олимпизмыг дэлгэрүүлэхийг зөвхөн олимптой холбож ойлгож болохгүй. Магадгүй 2050 онд Монгол Улс олимп зохион байгуулах боломж гараасай гэж хүсдэг.
Олимп зохион байгуулах улс орнуудын шалгуурууд нь хүний хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдаатай байдаг. Тиймээс хэтийн бодлого нь хүний хөгжлөө дэмжиж, хүрэх газраа тодорхойлж буй юм. Мэдээж энэ бүх шинэчлэлийг богино хугацаанд хийх, олон жил тогтсон амь бөхтэй үр ашиггүй системийг задлахад амаргүй.
БИД ЭХ ДЭЛХИЙГЭЭ ӨВӨГ ДЭЭДСЭЭСЭЭ ӨВЛӨЖ АВЧ ҮЛДСЭН ШИГ ИРЭЭДҮЙ ХОЙЧООСОО ЗЭЭЛЖ АМЬДАРЧ БАЙГАА
-Уур амьсгалын өөрчлөлтийг зөвхөн дэлхийн дулаарах процесс гэж андуурдаг. Дундаж температурын хувьд дэлхий дулаарч байгаа ч зарим оронд хүйтрэх, хур тунадас нэмэгдэх зэрэг үр дагавар нь янз янз байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ерөнхийдээ байгалийн гамшигт үзэгдлүүд ган, зуд, гамшиг ослын давтамж нэмэгдэж байна.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сайн ажиллаж байгаа орнуудын тоонд ордог. Уур амьсгалын өөрчлөлтийн хувьд хүлэмжийн хийг бууруулах, дасан зохицох гэсэн хоёр үндсэн арга хэмжээний чиглэл байна. Дэлхийн улс орнуудтай харьцуулахад манай улс хүлэмжийн хийн ялгарал маш багатай.
АНУ, Хятад гээд ихэнхдээ үйлдвэржилт өндөр хөгжсөн орнуудад хүлэмжийн хийн ялгарал хамгийн их байдаг. Дэлхийн хэмжээний хүлэмжийн хийн ялгарлын нөлөөгөөр бий болж буй уур амьсгалын өөрчлөлтийн хор уршиг бидэнд нөлөөлж байгаа учраас дасан зохицох нь чухал юм.
Технологи хөгжихийн хирээр уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад эерэг нөлөөтэй. Үүнд гол нь санхүүгийн хөшүүрэг, эдийн засгийн дэмжлэг чухал. Тухайлбал, цахилгаан машин хямдрах тусам эрэлт нэмэгдэнэ. Гэхдээ цахилгаан машин унаж, нүүрс түлэхээ болилоо гээд хүлэмжийн хий бүр мөсөн алга болохгүй. Хоол тэжээлээ хивж боловсруулдаг мал амьтан, аж үйлдвэр, барилгын салбар гээд олон зүйлс нөлөөлдөг учраас тэр хэрээрээ шийдэл олон байх ёстой.
Уур амьсгалын өөрчлөлт нь хөгжиж буй буурай орнуудад хамгийн их тулгамдсан сорилт болоод байгаа. Тухайлбал, Калифорни мужад хэт халуун боллоо гэхэд иргэд нь агааржуулагчаа асаагаад л ажрахгүй өнгөрүүлчихнэ. Харин манай улсад ган, зуд болоход мал, газар тариаланд ихээхэн нөлөөлөх учраас уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа орнуудын дуу хоолой хамгийн чухал үүрэгтэй.
Хүлэмжийн хийн ялгарлыг бүр мөсөн алга болгож чадахгүй учраас мод тарих, ногоон байгууламж нэмэгдүүлэх зэргээр шингээх чадавхийг бий болгож хүлэмжийн хийг тэглэх зорилтыг улс орнууд дэвшүүлж эхэлсэн.
Хүлэмжийн хийг ихээр ялгаруулж байгаа эх үүсвэрүүдийн нэг нь онгоц, автомашин зэрэг шатдаг түлш хэрэглэдэг тээврийн хэрэгсэлүүд юм. Хувь хүн хэмжээнд машин бага унаж, нийтийн тээвэр ашиглавал уур амьсгалын өөрчлөлт хүлэмжийн хийг бууруулахад оруулж буй том хувь нэмэр юм.
Мөн цахилгаан, гибрид машин унавал сайн. Үүнээс гадна ямар нэг зүйл шинээр худалдан авах бүрт цаана нь үйлдвэрлэл явагдаж, хүлэмжийн хий ялгарч байдаг учраас хэрэглээгээ багасгаж минималист амьдрах л хамгийн том хувь нэмэр юм. Бид эх дэлхийгээ өвөг дээдсээсээ өвлөж авч үлдсэн шиг ирээдүй хойчоосоо зээлж амьдарч байгаа шүү дээ.
Эх сурвалж: