УИХ-ын хоёр тойрогт болж өнгөрсөн нөхөн сонгуулийн ирц хүрээгүй, сонгогчдын ирц 39 хувиас дээш гараагүй ч хоёр тойрогт болж өнгөрсөн сонгууль Монголын улс төрийн намуудын рейтинг, жагсаалтад хөдөлгөөн орсныг харуулж эхэллээ.
Санал хураалтын дүн эцэслэгдээгүй ч нэр дэвшигчдийн авсан саналын тоо Ардчилсан нам Монголын улс төрийн хоёр дахь хүчний байр сууриа ХҮН-д алдаж эхэлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүр зургийг дахин давтан харууллаа.
СХД-т болсон санал хураалыг МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар 23,998 саналаар тэргүүлж, ХҮН-ын нэр дэвшигч Б.Найдалаа 5180 саналаар удаалсан бол гуравдугаар АН-ын нэр дэвшигч Э.Бат-Үүл 4925 хүний саналтай 3 дугаарт эрэмбэлэгдэв.
Өнгөрсөн хавар МАН, МАХН хоёр нэгдэж байхад АН намаа хоёр хуваахдаа тулж байсан. АН-ын удирдлагын хямрал орон нутгийн, нэгжийн гишүүдтэйгээ харилцах амьд харилцааг тасалсан нь тус нам нөхөн сонгуульд амжилтгүй оролцох шалтгаан болж өгсөн бололтой.
АН-тай харьцуулахад ХҮН байгуулагдаад удаагүй, туршлага багатай. Мөн гишүүдийн тоо цөөн, орон нутагт анхан шатны байгууллага, хөл муутай хэдий ч сонгуульд оролцож, АН-аас илүү санал цуглуулах боллоо. Энэ дүр зураг удирдлагын хямралаа даван туулж чадахгүй бол сүйрэл ойрхон байна гэдгийг Ардчилсан намд дахин сануулж байх шиг байна.
Янз бүрийн шатны сонгуульд АН-ын саналыг хуваалцах болсон ХҮН-ий талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Ардчилсан намынхаан, та нар өнөөдөр Ардчиллыг хамгаалахын тулд нам шиг, улс төрийн хүчин шиг байгаач ээ. ХҮН та нарын саналыг хуваагаагүй ээ. Би хоёр зүйлээр баримттай хэлье. Өчигдрийн сонгуулиар МАН үнэмлэхүй ялсан гэлээ ч гэсэн хоёрдугаар байранд Бадрахын Найдлаа, ХҮН-ын төлөөлөл орж байна.
Гуравдугаар байранд бидний сайн мэдэх Э.Бат-Үүл баатар орлоо. Орохдоо энэ удаа хоёр намаа нэгтгэж байгаад нэг үндсэн цул АН-аараа орлоо. Тэгсэн ч гэсэн ХҮН-ыг дэмжиж байгаа иргэд хоёрдугаар байранд ХҮН-ыг тавилаа. Үүгээрээ онгирч байгаа юм биш. Энэ бол бодитой баримт. Өмнөх сонгуулийг аваад үзье.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль юу болсон бэ. Монголчууд нийт даяараа орсон. Энэ сонгуульд ХҮН-аас нэр дэвшсэн Дангаасүрэнгийн Энхбат 20 гаруй хувийн санал авсан. Харин АН-аас нэр дэвшигч 6 хувийн санал авсан. Цагаан сонголттойгоо нийлээд 10 гаруй хувийг авсан. Бид чимээгүй байсан. Гэсэн ч биднийг шүүмжилсэн хэвээрээ байсан.
Хөдөлмөрийн үндэсний нам АН-ын саналыг хуваагаад байна гэсэн. Үгүй ээ, өнөөдөр бодитоор иргэдийн дэмжлэгийг авсан, иргэд дэмжиж байгаа бодитой улс төрийн хүчин бол ХҮН гэдгийг иргэд баталгаажуулж өгөөд байна. Бид өөрсдөө ярьж байгаа юм биш. Ийм болохоор АН өөрсдөө дүгнэлтээ хийгээрэй.