УИХ-ын энэ намрын чуулган эхэлсэн өдрөөсөө ер бусын чимээ гаргах болов. Чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Г.Занданшатар салбарынхаа хариуцсан ажлыг баралгүй бүдчиж байгаа сайд нарт хариуцлага тооцохоо мэдэгдсэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга ч асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгээ дуулгасан юм.
Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн товлосон хуралдаан өнөөдөр Даваа гаригт болно. Цаг үеийг даган үүсч буй асуудлууд МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны гол асуудал байх төлөвтэй ч бүлгийн хурлын хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй гэнэтийн нэг сэдэв өнгөрөгч амралтын өдрүүдэд гарч ирлээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нарын санаачилсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой үүссэн иргэдийн бухимдал бүлгийн хуралдаанд “Дарин дээр давс үрсэн” хэрэг болж мэдэхээр байна.
Хуулийн өөрчлөлтөд Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьж босгыг 50.000 доллараар хэмжин, энэ хэмжээний мөнгө төлсөн гадаадын иргэн Монгол Улсад гэр бүлээрээ амьдрах эрх авна хэмээн тусгасан нь улс орны үнэлэмжийг бууруулж, босгыг хэт намхан болгосон, багахан хэмжээний мөнгө зарсан гадаадын иргэдийн суурьшлийн бүс болгох нь гэсэн өргөн хүрээтэй хэлэлцүүлэг, шүүмжлэлийг олон нийтийн сүлжээнд өрнүүллээ.
УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Өнөрболор нар шүүмжлэлийг хариуд хурдан арга хэмжээ авч “Ийм хуульд гарын үсэг зураагүй. Хуулийн төслийг үзүүлээгүй, Х.Ганхуяг хуулийн хулгайгаа тайлбарла” гэсэн мэдэгдлүүд хийсэн бол Х.Булгантуяа одоогоор иргэдийн эсэргүүцэлд ямар ч хариу бариагүй байна.
Харин Х.Ганхуяг “Гадаадын хөрөнгө оруулагчдаас авдаг 100.000 ам доллар Монгол Улсын эдийн засагт бодитоор орж байгаа эсэх нь тодорхойгүй. Цөөнгүй тохиолдолд компани байгуулах үед дансандаа байршуулж байгаад эргээд татдаг, төлбөр байршуулсан мэдээллийг тодорхой хэмжээний төлбөртэйгөөр гаргаж өгдөг зэрэг далд эдийн засагт шилжсэн сайнгүй жишгүүдийн талаар ч бизнес эрхлэгчдийн зүгээс маш олон санал хүсэлтүүд ирснийг үндэслэн тоо баримт, холбогдох судалгаа, оролцогч талуудын санал зөвлөмж дээр тулгуурлан хуулийн төслийг боловсруулсан” тухай хариу барьжээ.
Олны анхааралд өртсөн УИХ-ын дөрвөн гишүүн сонгуульд нэр дэвшихээсээ өмнө олны анхааралд өртсөн, гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалдаг гэсэн дагавар хардлагатай, анхаарлын тэмдэгтэй нөхөд байсан юм.
Нийгмийн шүүмжлэл ба залуу гишүүдээс гарч байгаа авир, чи буруутай, энэ хуулийн хулгайч гэх мэт тодорхойлолт, хэрүүл дуулиан аль ч парламентын түүхэнд гарч байгаагүй. УИХ дээр хэлэлцэгдэх гэж байгаа хуулийн төсөл бүлгийн хуралдаанаар орохгүй байх тохиолдол ч байхгүй.
Гэвч энэ хууль МАН-ын бүлгийн хэлэлцэх асуудлын дараалалд орж ирээгүй мэт ойлголтыг өгсөн хэрүүл залуу гишүүдийн дунд өрнөж байгаа нь МАН-ын УИХ дахь бүлэг нэг л биш байгааг харуулж орхив.
Ашигт малтмалын тухай хууль, Оюутолгойн гэрээ, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого зэрэг гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг үндэсний эрх ашгаас дээгүүр тавьсан асуудлуудыг өмнөх УИХ-ууд баталж байсан. Тэдгээрийн хор уршиг одоо ч арилаагүй, нийгмийн гол маргаан, шүүмжлэлт сэдэв болон үргэлжилж байгаа.
Ийм үед МАН-аар дамжин УИХ-д “анхаарлын тэмдэг”-тэй орж ирсэн гишүүд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль дээр бүдэрч байгаа нь сайны дохио биш. Тэдний улс төрчийн зам богиносож ч болох эмзэг үе дээр ирээд байна.