Голомт банкнаас “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 17 дахь жилдээ зарлаад байна. Оюутан залуусын хүсэлтийг энэ сарын 4-нөөс эхлэн 17-ныг дуустал авч буй бөгөөд 10 дугаар сарын 18-27-ны хооронд сонгон шалгаруулалт болох юм. Энэхүү хөтөлбөрийн талаар Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын Үйл ажиллагааны хэлтсийн захирал Д.Оюутай ярилцлаа.
- Голомт банкны “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” бусад тэтгэлгээс юугаараа ялгаатай, ямар онцлогтой вэ?
Голомт Банк үүсгэн байгуулагдаад 26 жил болж байна. Үүний 17 жилд нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг тасралтгүй зохион байгуулж байгаа нь гол онцлог юм. Бид жил бүр шилдэг 100 оюутанд тус бүр 1 сая төгрөгийн тэтгэлэг олгодог. 2003 оноос хойш нийт 1400 оюутанд 1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, боловсролд нь хөрөнгө оруулаад байна.
Голомт банк мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг олгодгоороо давуу талтай. Мөн зөвхөн мөнгөн урамшуулал олгоод зогсохгүй мэргэжлээрээ дадлага хийх, банкны “G student” клубээр дамжуулан оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалт зохион байгуулах, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, цаашлаад банк, санхүүгийн мэргэжлээр төгссөн оюутнуудад Голомт банканд тогтвортой ажиллах боломж олгодог. Нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих болон сайн үйлсийн олон ажилд оюутнуудтай хамтарч ажилладаг. Энэ бүх үйл ажиллагаа дараагийн тэтгэлэг зарлах хүртэл бүтэн жил үргэлжилнэ. Үүнээс гадна хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад цагийн, цалинтай ажил хийх боломж олгож буй нь энэ жилийн бас нэг онцлог юм.
- Тэтгэлэг авахаас гадна цагийн ажил хийж санхүүгээ дэмжих, туршлага хуримтлуулах боломж олгож буй нь сайхан санагдлаа. Оюутан залуус долоо хоногт хэдэн цаг ажиллах боломжтой вэ?
Оюутны 1 сая төгрөгийн тэтгэлгийг бид сар бүр хуваан олгодог. Үүн дээрээ нэмээд төгсөх дамжааны оюутнуудад хамгийн багадаа долоо хоногт 20 цаг ажиллах боломж олгож байгаа. Оюутнууд өөрсдөө хэд дэх өдөр, хэдий хугацаагаар, ямар мэргэжлээр ажиллах сонирхолтой байгаа тухай хүсэлтээ өгөөд ажиллаж болно. Бид банкны дотоод ажил гэхээс илүү оюутнуудыг өөрсдийг нь хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа шинжилгээ хийлгэх, төгсөж гараад шууд ажиллах дадлага, чадвар олгох зорилгоор дагалдуулж сургадаг.
- Уг хөтөлбөрт амжилттай хамрагдаж, одоо Голомт банканд ажиллаж буй хэдэн хүн байгаа нь сонирхолтой болов уу?
Манай хөтөлбөрт хамрагдаж байсан 23 хүн одоо Голомт банканд ажиллаж байна. Манайд хэсэг ажиллаад гадагшаа сургуульд явсан залуус ч олон.
- Ямар шалгуур хангавал энэ хөтөлбөрт оролцож, дээрх боломжуудыг эдлэх нөхцөл бүрдэх бол?
Хөтөлбөрт дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 3, 4 дүгээр дамжааны оюутнуудыг хамруулдаг. Бусад тэтгэлэгт голч оноо хардаг бол бид энэ онд ийм шалгуур тавихгүй, илүү хандлагад суурилсан сонгон шалгаруулалт хийнэ. Голомт банкны хамт олон уг тэтгэлэгт хөтөлбөрөөрөө дамжуулан залуу үеийн үзэл бодлыг сонсохыг зорьдог. Өмнө нь тодорхой сэдвийн хүрээнд уламжлалт байдлаар эсээ бичүүлж авдаг байсан бол энэ удаа залуу үеийн сэтгэлгээ, сонирхолд тохируулаад видео болон подкаст хэлбэрээр санаагаа илэрхийлэх боломж нэмж олгож байгаа. “We are GenZ” сэдвийн хүрээнд залуу үеийнхэн юу хүсдэг, юунд дуртай, ямар арга барилаар ажиллахыг мэдэхийг хүссэн. Зөвхөн сэдэв өгч, саналыг нь сонсоод орхих биш, эргээд бид тэднийг хэрхэн удирдах, хамтран ажиллах арга барилаа тодорхойлдог. Мөн энэ жилийн хөтөлбөрт оролцож шалгарсан 3 дугаар дамжааны оюутан дараа жил нь дахин өрсөлдөх боломжтой.
- Оюутан залууст хандаад юу хэлэх вэ?
Олон байгууллагаас янз бүрийн тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. Манай банкны хөтөлбөрийн хувьд ганц удаа мөнгөн тэтгэлэг олгоод зогсох биш, оюутан залуус юу сурч, хэрхэн хөгжих хэрэгтэй, тэдний ямар ур чадварыг дэмжих, сул тал нь юу гэдгийг тодорхойлж, ажлын байран дээр гарахад нь бэлдэх зорилготойгоороо ялгаатай. Тиймээс оюутан залуус минь өөрсдийгөө гололгүйгээр манай хөтөлбөрт нээлттэй оролцоорой, тасралтгүй хөгжөөрэй гэж хэлье.