Ерөнхий сайд асан С.Баяр Өдрийн сонины (2021.10.08) өнөөдрийн дугаарт ярилцлага өгчээ. Улсын дээд шүүх 2020 оны арванхоёрдугаар сард С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ улс оронд ашиггүй гэрээ байгуулах нөхцлийг бүрдүүлсэн хэмээн үзэж 2.6 жилийн хорих ял оноож, таван тэрбум 580 сая төгрөгийг хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Булган аймагт ял эдэлж байсан Ерөнхий сайд асан С.Баяр энэ оны долдугаар сард магадлангаар суллагдсан билээ. С.Баяр Оюутолгойн гэрээ болон шүүх хурлын явцын талаар юу ярьсныг Өдрийн сонинд өгсөн ярилцлагаас хэсэгчлэн тоймлон хүргэж байна.
Эхлээд гэмт хэрэгтэн болгож шуугиулаад дараа нь тэр дуулиан дээрээ эрүүгийн хэрэг үүсгэдэг технологийг ганц над дээр биш олон хүнд хэрэглэсэн
Оюутолгойн гэрээг байгуулах явцдаа Америкт олон байшинтай болсон гэсэн дуулиан бол гаршсан пиар технологи байсан. Эхлээд хэвлэлээр нүүр нүдгүй балбаж гэмт этгээд болгож харуулаад, дараа нь хар пиараа үндэслээд хэрэг үүсгэж сүр дуулиантай зарлана. Ийм технологио зөвхөн над дээр биш, өөр олон хүн дээр хэрэглэсэн.
Оюу толгойн гэрээ гэдэг бол эхнээсээ л авлига, хээл хахуулийн хар уурхай юм байна, мафийн бугшсан голомт нь юм байна гэж олон түмэнд харуулах, жигшүүлэх хэрэгтэй байсан биз. Хоёрт, Оюу толгойн гэрээ 2009 онд байгуулагдсанаас хойш есөн жилийн дараа надад эрүүгийн хэрэг үүсгэж 461-д хорихоор шийдсэн. Гэтэл намайг хорихын тулд миний хийсэн гэх гэмт хэргийн ял есөн жилээс илүү байх ёстой болсон. Тэгээд л би “онц ноцтой гэмт хэрэгтэн”, “мафийн толгойлогч” болж өргөмжлөгдсөн биз. Гэхдээ сүүлдээ бодит үнэнд яахын аргагүй гүйцэгдээд,тэр хүнд ял надад тулгахаасаа тэд өөрсдөө татгалзсан.
АНУ дахь 7 байрны баримтыг уйгагүй хөөцөлдөж олж авчирсан албан тушаалтнуудад би гүн талархах ёстой
Намайг, кинонд гардаг “мафи” шиг гэмт бүлэглэл байгуулсан, авлига авсан, ”АНУ-д олон хаустай байгаа нь үүний нотолгоо” гэж шуугиулж байсан. Тэгээд “зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан” гэх онц ноцтой, 12 жилийн хорих ялтай зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2018 оны хавар хорих 461 дүгээр ангид хорьж, мөрдөн шалгах ажлаа эхлүүлсэн. Хоёр жил шалгасны эцэст надад тулгаж байсан тэр“онц ноцтой” гэгдэх хүнд ял нь замхарч алга болсон.
“АНУ-д байгаа С.Баярын долоон байр” гэж мөн ч олон жил нохой шуугиулсан. Тэгээд дээр дооргүй хөөцөлдөж байгаад эдгээр байрны талаар АНУ-ын Хууль зүйн яамны холбогдох газраас олон баримт материал гаргуулж авсан юм байна. Тэр олон баримт нь явж явж намайг яллаж буруутгах биш, харин ч эсрэгээрээ намайг цагаатгаж зөвтгөх нотолгоо баталгаа болж таарсан. Тийм учраас тэр баримт материалуудыг уйгагүй хөөцөлдөж, АНУ-ын албан ёсны байгууллагад нь биечлэн хандаж, олж авчирсан албан тушаалтнуудад би гүн талархах ёстой. Үнэн мөнийг тогтооход хүчин зүтгэсэн учраас тэр.
Тэдний хандсан АНУ бол хуулиа ягштал баримталдаг улс. Бүх юм нь бүрэн данс бүртгэлтэй, эрх зүйн зохицуулалттай. Миний найз Давааням болон миний охин Нандин нарын АНУ-д үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байхдаа байр худалдаж авч байсан мөнгөний гарал, эх үүсвэрийг тэд нэг бүрчлэн нягтлан шалгаж үздэг байсан юм байна. Ямар нэгэн сэжиг, эргэлзээ байсан бол тэдний бизнес нь эхнээсээ бүтэхгүй. Хуулийг нь зөрчсөн бол ял шийтгэл нь зайлшгүй. Хуулиа баримталдаг тийм л газар.
Ах дүү, анд нөхөд маань тусалж, банкнаас зээл авч 5 тэрбумыг төлж, намайг магадлангаар суллуулсан
Намайг “улсад хохирол учруулсан” гэдгээр яллаагүй. Надад ял оноосон шүүхийн шийдвэрт улсад учруулсан мөнгө төгрөг, орлого зарлагатай холбоотой ямар нэгэн хохирол гэж тогтоож тусгасан юм байхгүй. Тэгсэн хэрнээ шоглоомтой гэж байгаа. Таван тэрбум гаруй төгрөгийн төлбөр төлөх “албадлагын арга хэмжээ” надад авсан. Намайг магадлангаар гарах боломжтой болгохын тулд ах дүү, анд нөхөд маань байдгаараа тусалсан, дутсаныг нь банкны зээл авч байж асуудлыг шийдсэн. Тэдний ачаар надад оноосон тэр их төлбөрийг хорих ялаа эдэлж байсан хугацаандаа үндсэндээ барагдуулсан шүү.
Наадах чинь харин заавал асуух ёстой, хариултыг нь заавал авах ёстой асуулт мөн. Надад ял төлөвлөсөн улс бах таваа бүрэн хангах гэсэн шиг байгаа юм. Надад хорих ял өгөөд шоронд хийх нь арай л хангалтгүй санагджээ. Тэгээд л тэр их хэмжээний мөнгөн торгууль надад оногдуулав гэж би ойлгосон. Яагаад, ямар учраас, хуулийн ямар заалт үндэслэн намайг ингэж торгон шийтгэж байгаа учрыг нь мэдэх гээд шүүхээс тухайн үед нь би өөрөө, миний өмгөөлөгч олон асуусан. Бүлх залгисан мэт юу ч хариулаагүй. Гөлийгөөд л өнгөрсөн, шүүгч гэж тэр нөхөр. Тодорхой энэ асуултынхаа тодорхой хариуг авах гэж өнөөг хүртэл хөөцөлдөөд бараагүй л явна. Хариуг нь авна даа.
Хийсэн гэх гэмт хэргээ дахин шалгуулахыг шаардана. Үнэн мөнийг олж байж санаа амарна
Намайг хорихын тулд миний хийсэн гэх гэмт хэргийн ял есөн жилээс илүү байх ёстой болсон. Тэгээд л би “онц ноцтой гэмт хэрэгтэн”, “мафийн толгойлогч” болж өргөмжлөгдсөн биз. Гэхдээ сүүлдээ бодит үнэнд яахын аргагүй гүйцэгдээд,тэр хүнд ял надад тулгахаасаа тэд өөрсдөө татгалзсан. Тэгээд энэ нөхрийг яасан ч зүгээр орхихгүй гэсэн шиг надад өөр гэмт хэрэг бодож олсон.
Намайг Ерөнхий сайд байхдаа 2009 онд “Петровис” компанийн түлшийг Оюу толгой ХХК-д хүчээр “шахсан” гэрээ байгуулахад нөлөөлсөн гэх шинэ ял тулгасан. Шинэ ялтай хэргээ шүүхэд шилжүүлнэ гэж тэд яарсан учраас хэт зохиомол юм хийсэн. “Шинжээчийн дүгнэлт” гэх юм гаргуулж, түүн дээрээ үндэслэн шинэ ял надад тулгасан. Тэр “дүгнэлт” дотор нь онигоонд ормоор юм олон байсан.
“Петровис” нь Оюу толгой компанид 2002 оноос хойш шатахуун нийлүүлж байж. Би тэр үед ОХУ-д Элчин сайд байсан. Надтай надгүй шатахуунаа нийлүүлээд хэдэн жил болж. Гэтэл энэ хоёр компанийн энэхүү бизнесийг 2007 онд Ерөнхий сайд болсон надтай заавал холбох гэж оролдсон. Эрүүл ухаан, энгийн тооцоо зэргийг умартталаа улайрсан. Жишээ нь, би шатахууны “шахаа” хийж, 2009 онд Петровис ХХК Оюу толгой компанитай гэрээ байгуулахад нь үнэхээр нөлөөлсөн юм бол энэ гэрээ нь Петровис ХХК-д өмнөхөөсөө илүү ашигтай тусах ёстой баймаар.
Гэтэл бодит байдал дээр 2009 оны гэрээний нөхцөл нь өмнөх хэдэн жилийнхээс арилжих нөхцөл, үнэ өртөг зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр Петровис ХХК-ийн хувьд дээрдсэн биш, дордсон байсан. Ийм утгагүй “шахаа” гэж байх уу.
Энэ талаар ярихын хувьд гэвэл шүүх хурлын танхимаас шууд ачигдаад явсан учраас юм хум ярих боломж надад олдоогүй.Харин шүүх хурлын өмнө “Ийм ийм илэрхий алдаатай баримтаар шүүх гэж байна” гэж би яриагүй биш, ярьсан. Зөвхөн ярих ч биш. Шүүх хурлын өмнө Улсын Ерөнхий прокурорт дээрх асуудлаар ил захидал бичин нийтэлж байлаа. Нэмэр болоогүй. Прокурорт хандаад ч, шүүх хурал дээр нь юу ч яриад, яаж ч нотлоод, ямар ч баримт гаргаж дэлгээд нэмэргүй юм билээ.
Цаанаасаа даалгавартай юм шиг л алхаа тас тас цохисоор байгаад ачаад явуулсан. Одоо бол зүгээр ярих биш, заргалдана. Хийсэн гэх гэмт хэргээ дахин шалгуулахыг шаардана. Үнэн мөнийг олж байж санаа амарна.
Ярилцлагыг энд дарж Өдрийн сонины вэй сайтад хандан бүрэн эхээр нь унших боломжтой.