Ашигт малтмал, газрын тосны газар өнөөдөр (2021.10.06) хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Өчигдөр орой АИ-92 автобензин тасарлаа гэсэн мэдээлэл тархаж, иргэд ШТС-уудад их хэмжээний оочер дараалал үүсгэсэн нь тус газрыг албан ёсны байр суурь илэрхийлэхэд хүргэлээ.

Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр: Шатахууны хомсдолын асуудал үүсээгүй тул иргэд тайван байхыг хүсье. Татан авалт хэвийн үргэлжилж, үр нөлөөгөө үзүүлж байна. Учир нь Нэг ШТС хэвийн үедээ 24 цагт 10 тонн шатахууны борлуулалтыг хэвийн  үедээ хийдэг байсан. Гэвч тухайн ШТС-д оочер дараалал үүссэнээр борлуулалтын тоо хэмжээ нэмэгдэх, хэдэн цагийн өмнө дуусах, бензин нь дуусахад хий соролт үүсэх, агуулахаас ШТС-аа цэнэглэх гэх мэт процессууд явагдаж байгаа. Үүнийг иргэд бензин дууссан мэтээр буруу ойлгож байх шиг байна. Шатахуун ямар нэгэн байдлаар тасалдсан зүйл байхгүй. Замын-Үүд болон Сүхбаатар боомт дээр бензин буугаад, хэвийн тараагдаж байгаа.

“Сод Монгол” группийн ерөнхий захирлын тушаал гарч дотооддоо тодорхой хэмжээний хязгаарлалтыг хийсэн гэх тайлбарыг авсан. Өчигдөр УУХҮ-ийн сайд ААН-ийн төлөөлөлтэй уулзаж ярилцахад тухайн үед техникийн алдаа гарсан гэдгээ “Сод Монгол” группээс хэлсэн бөгөөд залруулга өөрсдөө гаргасан байсан” гэв.

“Шунхлай” ХХК-ийн төлөөлөл “Өчигдөр 16:00 цагаас хойш ачаалал нэмэгдэж ШТС-ууд дээр урт дараалал үүссэн. Үүнтэй холбоотой ШТС-д шатахуунгүй болсон байсан. Шөнөдөө ихэнх ШТС-уудын шатахуун зарагдаж дууссан. Шунхлай компанийн зүгээс агуулахаас ачилтыг зохион байгуулж байгаа ба зургаан ШТС-д шатахуун очиж амжаагүй, одоогоор 26 ШТС хэвийн ажиллаж байна. Агуулахын нөөцийн хувьд хэвийн байгаа” гэв.

-Сод Монгол компани өчигдөр албан бичиг гаргаж тавьсан байгаа. Дараа нь алдаа гарсан гэж хэлсэн. Энэ бичигнээс болж ШТС-ууд дээр оочер дараалал үүссэн. Одоо ч буухгүй байна. Сод Монгол компанид ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Тэгсэн, өчигдөр тэрний дагуу тодорхой хэмжээний шаардлага тавьсан, судалсан байгаа. Яасан бэ гэхээр Улаанбаатар хотын хэмжээнд 5-6 хоногийн нөөц бол байна. Тасалдсан асуудал бол шатахуун хилийн боомт дээр хэвийн хугацаандаа орж ирэх хэмжээнд ирж байна. Өдөрт хоёр боомтоор хоёулангаар нь шатахуун орж ирж байгаа.

Замын-Үүд дээр шингэн түлш орж ирээд вагоноос вагонд сэлгэх ажил өөрөө цаг хугацаатай. Урьд нь энгийн үед 24 цагт 16-20 вагон буулгадаг байсан бол одоо 30 гаруй цагийн хугацаанд 50 гаруй вагон буулгаж байна. Тэнд хүмүүс 24 цагаар ажиллаж байгаа.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн