Өчигдөр орой (2021.10.05) нийслэлчүүдийн дунд АИ-92 автобензин дахин хомсдох гэж байна гэсэн мэдээ хурдтай тархаж, бүх ШТС-уудын ачаалал нэмэгдэж оочер дараалал үүслээ. Мэдээ 21:00 цаг орчмоос эхлэн тарсаны дараа Сод Монгол группын албан тоот нийгмийн сүлжээнд байршиж, цуурхалыг улам хурдтай дэвэргэж байв.
Сод Монгол группын гүйцэтгэх захирал Ц.Пүрэврэнчингийн гарын үсэгтэй албан бичигт ОХУ-аас ачигдах АИ-92 автобензиний ачилтууд хязгаарлагдаж байгаа учраас 10 дугаар 06-наас эхлэн 20 ШТС-д 150.000 литр бензин нийлүүл гэсэн тушаал тэмдэглэгдсэн байсан нь иргэдийн дунд тархаад байсан АИ-92 автобензин тасрана гэсэн ойлголтыг баталгаажуулж, хүмүүсийг улам сандаргаж орхив.
Шөнийн 24:00 цаг болж байхад ШТС-ууд оочер дараалалтай хэвээр, энэ дараалал автозамын түгжээ үүсгэж байсан бол MT, Петровис, Сод Монгол зэрэг компанийн зарим ШТС-ууд бензин дууссан гээд автомашинтай иргэдийг буцааж байлаа. Мөн ШТС-ууд АИ-92 шатахууныг нэг хүнд 50.000 төгрөгт багтаан олгох хэмжээ ч тогтоож амжсан байв.
Нийгмийн сүлжээнд бухимдал үүссэний дараа 23:30 цаг орчимд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдэгдэл гаргаж, АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн явагдаж байгааг мэдэгдсэн бол Сод Монгол групп мөн зэрэгцэн мэдэгдэл гаргаж, ШТС-ууд хэвийн горимоор ажиллаж байгаа хэмээн дуугарлаа. Гэхдээ Сод Монгол групп нийгмийн сүлжээнд гаргаж хаясан албан бичгийнхээ талаар огт тайлбар хийсэнгүй.
Үйл явдлууд өчигдөр орой өрнөсөн АИ-92 автобензиний дуулиан зохиомлоор үүсэн гэдгийг харуулж байна. Өнөөдөр хэвлэлүүд мэдээлэл өгөхдөө ч энэ талаар дурдаад эхэлжээ. Тухайлбал Сод Монгол компанийг Хөшигийн хөндийд онгоцны шатахуун нийлүүлэх тендерээс шахагдсан бухимдлаа тайлсан байж болзошгүй таамаглалыг НЬЮС сайт дэвшүүлжээ.
Сод Монгол нь олон жил Чингис хаан нисэх буудлын онгоцны түлш нийлүүлэх тендерийг монофоль эрхтэйгээр авч ирсэн. Энэ нийлүүлэлтийг шинээр байгуулагдсан төрийн өмчит “Эрчис ойл” компани хийхээр болж байгаа нь Сод Монгол группыг бухимдуулж байж магадгүй талаар нийтлэлд дурджээ.
Сод Монголтой хамтран АН-ын томоохон төлөөлөл, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд хамтран шатахууны зах зээлийг савлуулж байж магадгүй байна. З.Энхболд саяхан ОХУ-ыг зорьж, “Реснефть” компанийхантай уулзаж, нийлүүлэлтийн асуудлыг хөндсөн байж магадгүй тухай ч энд хөндөгджээ.
Шатахууны хомсдлоор нийгэм, эдийн засгаа хямартал улс төржих сонирхол бизнес, улс төрийнхөнд байгаа бол хуулийн байгууллагууд шалган эцэслэх ёстой. Нөгөө талдаа шатахууны нийлүүлэлтийг үнэхээр хэвийн хэмжээнд барьж дийлэхгүй байгаа бол Засгийн газар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндондоо хариуцлага тооцож, байранд тавихгүй бол АИ-92 тасарлаа гэсэн дуулиан байн байн сонсогдож, нийгэм эдийн засгийг улам бүр сульдаах шинжтэй боллоо.