“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз, Д.Дариймаа нар нь 457 иргэнээс байрны урьдчилгаа нэрээр 7 тэрбум гаруй төгрөг залилсан хэрэг 2019 оны наймдугаар сард гарсан. Улмаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2021 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 09.00 цагт эхэлж таван өдрийн турш үргэлжилсэн.
Шүүх хуралдаанаас шүүгдэгч нарыг гэмт буруутайд тооцсон байна. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирол барагдуулах тав хоногийн завсарлага авсан тул эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг аравдугаар сарын 1-ний 14:00 цагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүхээс Д.Гүрсоронзонд 10 жил хорих ял оногдуулж хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Д.Одгэрэлд 6 жил хорих ял, шүүгдэгч Б.Батбаярт 6 жил хорих ял оногдуулж тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гарчээ.
Улмаар шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос үлдэх 7 тэрбум 265 сая 839 мянга 273 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэжээ. Шүүхээс тэднийг залилах гэмт хэргийг бүлэглэн байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон байна.
Шүүгдэгч нар нь холбогдох эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрөл албан ёсоор аваагүй байхдаа буюу барилга баригдах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байсан нөхцөл байдлаа нуух замаар “Орон сууцны хотхон барьж байгаа” гэж бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар барилгын зураг, загвар бүхий тараах материалыг бэлтгэн, түүнийгээ ашиглан иргэдэд “Хямд байр зарна, урьдчилгаа төлбөрийн дүн ихсэх тусам 1 мкв үнэ багасна, барьцаа хөрөнгө шаардахгүй, өрхийн орлого нотлох шаардлагагүй, жилийн 5 хувийн хүүтэй лизингийн гэрээ компанитай байгуулна” гэх мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож “Орон сууц захиалгын гэрээ”-ний урьдчилгаа хэмээн 457 иргэнээс 8 тэрбум 644 сая 301 мянга 580 төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.
Прокурорын байгууллагаас битүүмжилсэн байсан шүүгдэгч нарын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, дансны гүйлгээ хязгаарласан арга хэмжээг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах зорилгоор шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэртээ заажээ.