Есдүгээр сарын сүүлийн арав хоногт улсын хэмжээнд Аи-92 бензиний хомсдол бий болсон нь шатахуунаас хамааралтай зах зээлийг нэлээн доргиов. Засгийн газар, нефть импортлогчид нөөц шатахуун татсан долоо хоногийн дотор асуудлын гол буруутнаар Засгийн газар нэрлэгдэж, сөрөг хүчин аравдугаар сарын 1-нд жагсаал хийхээ мэдэгдэж байлаа.
Нэрлэгдсэн жагсаал болдогоороо болсон ч жагсаалын гол бай нь Засгийн газар биш хоёр ч тойрогт явагдаж байгаа УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигчийн рейтингийг нэмэх “богино улс төр” байсан нь тодорхой болж орхив.
Шатахууны асуудал улстөржилтийг улам гааруулж, иргэдэд дагаад өргөн хэрэглээний барааны өртөг нэмэгдэх вий гэсэн болгоомжлолыг төрүүллээ. Гэхдээ өнгөрсөн есдүгээр сарын сүүлийн арав хоног ганцхан Монголчуудад ээлгүй хандсан юм биш.
Хоёр жил үргэлжилсэн Covid-19 цар тахлын бараан сүүдэр дэлхийн эдийн засгийг хаа сайгүй сөхрүүлж, дэлхий ертөнц нефтийн хомсдол, эрчим хүчний дутагдалд орсныг олон улсын агентлагууд ар араасаа мэдээлж байсан юм. Ингээд улс орнуудыг сандаргасан нефть, эрчим хүчний хомсдлын мэдээг тоймлон хүргэе.
Англи: Есдүгээр сарын сүүлийн 10 хоногт Их Британийн ажиллах хүчний өмнө тулгарсан бэрхшээл, ачааны автомашины жолоочийн хомсдол нь тус улсад шатахууны хомсдлыг үүсгэв. Хүнсний дэлгүүрийн лангуунууд хоосорч, ШТС-уудад урт дараалал үүсч, сандарсан иргэд хүнс, бараагаа ихээр худалдан авч, шатахуун нөөцлөв.
Их Бртанийн Засгийн газар цэрэг цагдаагийнхныг хөдөлгөн, эмх замбараагүй байдал үүсч магадгүй болсон ШТС-уудад журам тогтоосон Ерөнхий сайд Борис Жонсон гадаадын олон мянган жолоочид виз олгохоо мэдэгдэж, цэргүүдийг дайчлан том тэрэгний жолоочоор ажиллуулах эхлэлийг хийлээ.
Баруун хойд Европ: Европт байгалийн хийн үнэ өнгөрсөн долоо хоногт хамгийн дээд хэмжээнд хүртэл өссөн нь өвлийн улиралтай золгож буй Европын хэрэглэгчдийн хувьд хүнд цохилт болж байна.
Баруун хойд Европт хийн хэрэглээний хомсдол үүсч, цаашлаад ирэх өвөл хийн үнэ улам нэмэгдэх эрсдлийг дагуулж эхэлжээ. Тус бүс нутгийн улс орны удирдагчид эрчим хүчний эх үүсвэр дээр тавгүй өвөлжихдөө тулж, эндээс гарч болох гарцыг дор бүрнээ хайж эхэллээ.
Хятад: БНХАУ эрчим хүчний гүн хямралд өртөж, зарим хотуудад үйлдвэрүүдийн ажил тасалдаж, орон сууцны халаалт зогсон, гудамжинд гэрлэн дохио ажиллахгүй байгаа мэдээ мөн өнгөрсөн долоо хоногт дэлхийд тархав.
Ляонин, Гирин, Хар мөрөн зэрэг 10 гаруй мужийн удирдлагууд аж үйлдвэрийн төвүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт тавьсан байна. Ляонин мужид үйлдвэрийн цехэд агааржуулалтын системийг гэнэт салгасны улмаас 23 ажилчин нүүрсхүчлийн хийд хордон эмнэлэгт хүргэгдсэн бол өрөөгөө дулаацуулах гэж хийн зуух ашиглсан хүмүүс хордсон тохиолдол ч гарлаа.
Казахстан: Баруун Казахстаны мужуудад дизель түлшний хямрал нүүрлэж, иргэд мөн л ШТС-ууд дээр урт дараалал үүсгэлээ. Засгийн газар, орон нутгийн удирдлагууд энэ бүс нутагт дизель түлшний хязгаар тогтоосон бөгөөд нэг хүнд 100 литрээс хэтрүүлэхгүй байх квот тогтоов.
Тус улсын нефть импортлогчид ОХУ-ын нийлүүлэгчидтэй Монголчуудын нэгэн адил хэлэлцээр хийж, дизель түлш нийлүүлж байна. Казахстаны 2021 оны 5-9 дүгээр сарын дизель түлшний хэрэглээ нь 2020 оны мөн үеэс 480 мянган тонноор өссөн бөгөөд дамжин өнгөрөх тээврийн хэт халалт нь дизель түлшний хэрэглээг өсгөж орхижээ.
Монгол: Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авдаг. Үүний 95 хувь нь ОХУ, 5 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгддэг. Шатахууны гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрт ээлжит техникийн засвар, үйлчилгээ хийгдэж байсан нь манай зах зээлд шатахуун хомсдох шалтгаан болж, сөрөг хүчнийхэн улстөржиж Засгийн газар руу довтлох сэдэв болж өгөв. Монголын нефтийн зах зээлд хамгийн эрэлттэй Аи-92 автобензиний импорт ойрын өдрүүдэд хэвийн үргэлжилж байна.