Японы эрх баригч Либерал Ардчилсан намын /ЛАН/ шинэ дарга Кишида Фүмио намынхаа удирдлагыг шинэчиллээ. Баасан гарагт болсон намын ээлжит бус хурлаар халаа сэлгээг албан ёсоор баталжээ.
“Амьдралын хэвшил, иргэдийнхээ ажил хөдөлмөрийг болон нийгмийг бүхэлд нь хамгаалахын тулд эдийн засгаа бэхжүүлэх шийдвэртэй алхам хийх шаардлагатай байна” гэж Кишида хурлын үеэр хэлсэн байна.
Халаа сэлгээний жагсаалтаас үзвэл, Японы эдийн засгийг сэргээх асуудал хариуцсан сайд асан Амари Акира ЛАН-ын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. Тэрбээр Номхон далай дамнасан түншлэлийн асуудлаарх хэлэлцээнд улсаа төлөөлөн оролцож байсан юм. Амаригийн хувьд ЛАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хамгийн удаан буюу 2016 оноос хойш хашсан Никай Тошихирогийн оронд томилогдож байгаа юм. Тошихиро намын чиг үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ Бээжинтэй харилцаагаа хөгжүүлэх асуудлыг хариуцаж байсан бөгөөд 2020 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Японд хийх айлчлалыг зохион байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулжээ. Гэсэн хэдий ч энэхүү айлчлал коронавирусний цах тахлын улмаас цуцлагдсан юм.
ЛАН-ын даргын суудлын төлөө Кишидатай хамт өрсөлдсөн Такайчи Санаэ намын улс төрийн зөвлөлийг удирдана. Японы одоогийн Сангийн сайд бөгөөд шадар сайд Асо Таро намын орлогч дарга болсон байна. 2008-2009 онд Японы Ерөнхий сайдаар ажиллаж байсан Асо 2012 оны 12 дугаар сараас хойш шадар сайд, Сангийн сайдын албан тушаалыг хашиж байгаа юм.
Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах асуудлыг хариуцсан сайд асан Эндо Тошиаки Сонгуулийн хорооны дарга болсон байна. Ерөнхий сайд асан Фүкүда Ясүогийн хүү, Фүкүда Тацүо намын гүйцэтгэх зөвлөлийн даргаар томилогджээ. Түүний өвөө Фүкүда Такэо мөн Японы Засгийн газрын тэргүүн байсан байна.
Намын даргын сонгуульд Кишида Фүмиогийн гол өрсөлдөгч байсан Японы Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд асан Коно Таро намын олон нийттэй харилцах газрын даргаар томилогджээ. Энэ албан тушаал нь намын удирдагчдын ангилалд хамаардаггүй боловч намар парламентын сонгууль болох гэж байгаа тул нэлээд чухал албан тушаалд тооцогдож буй юм.
Японы эрх баригч намын шинэ даргын сонгууль есдүгээр сарын 29 -нд болсон билээ.
Эх сурвалж: Kyodo