Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид 19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Есдүгээр сарын 23-29-ний хооронд дээрх тусгай дугаарт нийт 1024 иргэн хандаж, мэдээ, мэдээлэл авлаа. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.39 минут байна. Мөн тус хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 42 иргэн хандаж, есөн иргэн автомат хариулагчаас, 33 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авлаа.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт ковидын шинжилгээ авах үйл ажиллагааг өргөжүүлж есөн байршилд шинжилгээний цэгүүдийг ажиллуулж байна. Иргэд дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/632 дугаар захирамжаар авлига, хүнд суртлыг таслан зогсоох, авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Тус Ажлын хэсэг нь төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн албаны хүнд суртал, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын дээшлүүлэх, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг бүрэн барагдуулж, шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, ажлын явц, үр дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан ажиллаж байна.
Иргэд төрийн албаны хүнд суртал, авлига, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой гомдол, саналаа Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан шийдвэрлүүлэх боломжтой.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ