“Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан ЗХЖШ “Эх орны дайчид” төрийн бус байгууллагатай хамтран дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл илэрхийлж байна.
Орон нутагт амьдарч буй, дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл илэрхийлэх ёслолын ажиллагааг аймгуудын ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн ангиуд хамтран зохион байгуулах аж.
Харин Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотноо ирээд буй Б.Сейлхан, Хэнтий аймгаас ирсэн Т.Лувсансүх, Дархан-Уул аймгаас ирсэн ахмад дайчин Б.Ядамсүрэн, Дундговь аймгаас ирсэн Н.Пүрэвжалба түүний хань Ц.Халтар нарт ЗХЖШ, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, ЦДБЭЧ, Монгол цэргийн музей, Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас томилогдсон бүрэлдэхүүн хүндэтгэл илэрхийлээ.
Ахмадуудын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэж байхаар тунхаглажээ. Энэ шийдвэрийн дагуу манай улс 1992 оноос эхлэн “Ахмадын баярын өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр даруй 30 дахь жилтэйгээ золгож байна.