Афганистанаас Америкийн цэрэг гарсны дараа Талибанчууд Афганистаны засгийн газрыг түлхэн унагаж, Кабулыг асар богино хугацаанд эзлэн өөрсдийн байр суурийг тогтоож чадав. АНУ-ын талаас Афганистаны засгийн эрхийг Талибанчууд гартаа авах хугацааг зургаан сар байна гэж буруу тооцоолсноос үүдэлтэй сөрөг үр дагаврууд шил дараалан гарлаа.
АНУ-ын талтай хамтарч ажиллаж байсан иргэдийг татан авах, өөрсдийн зэвсэг техникийг нүүлгэн шилжүүлэх, дүрвэгсдийн асуудлыг анхаарч тооцоолох зэрэгт төлөвлөлт тал дээр хангалтгүй байснаас сөрөг үр дагавар үүсч, асар их хор хохирол учраад байна.
Афганистанд үүссэн асуудлаар буруутан хайх явдал АНУ-д газар авч тагнуулын байгууллагын алдаа гэж үзэх улс төрчид нилээдгүй бий боллоо. Зарим улс төрчид Кабул дахь эмх замбараагүй байдлыг тагнуулын том бүтэлгүйтэл гэж нэрлэн, 2011 онд Иракаас цэргээ гаргаж, улмаар ISIS үүсэхэд хүргэсэнтэй зүйрлэж байна.
Афганистаны нөхцөл байдал тооцоолж байснаас богино хугацаанд хүндэрч, хор хохирол учирсан явдал улс орнуудын анхаарлыг татаж, сургамж болж буй тул дүн шинжилгээ хийж шалтгааныг тодруулах нь ач холбогдолтой. Иймд Афганистанаас АНУ-ын цэрэг гарах үеийн бүтэлгүйтэл чухам юунаас болов, тагнуулын байгууллагын алдаа байсан уу, хэрвээ тийм бол чухам ямар алдаанууд гарсан бэ гэдгийг энд онцлон авч үзлээ.
Цаг хугацааны хувьд АНУ болон эвслийн цэргүүдийн Афганистан дахь нийт ажиллагааны бүтэлгүйтлийг биш, зөвхөн АНУ цэргээ татан гаргах болсноо зарласнаас хойш ар араасаа өрнөсөн үйл явдлын хэлхээг авч үзсэн, товчхондоо энэ оны 4 дүгээр сараас хойших үйл явдалд дүн шинжилгээ хийсэн болно.
Афганистанд өрнөсөн үйл явдал
Талибанчууд засгийн эрхийг авав. 2021 оны 4 дүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийхдээ АНУ 2021 оны 9 дүгээр сарын 11 гэхэд Афганистанаас цэргээ бүрмөсөн гаргахаа мэдэгдсэн. Гэвч уг шийдвэрийг 8 дугаар сарын 31 болгож наашлуулсны дараа буюу өнгөрсөн 5 дугаар сараас талибанчуудын байлдааны ажиллагаа эрчимжиж эхэлсэн юм.
2021 оны 7-р сарын 2-нд АНУ-ын цэргүүд тус улсын хамгийн том агаарын баазыг Афганистаны аюулгүй байдлын хүчнийхэнд шилжүүлж өгсний дараа босогчид улам бүр идэвхжин, цар хүрээгээ тэлж, 8 дугаар сар гэхэд Афганистаны нийт газар нутгийн 80 орчим хувийг хяналтандаа оруулав. 8 дугаар сарын 15-нд босогчид Кабулын захын дүүргүүд рүү довтлох үеэр Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо дүрвэн гарснаар Афганистаны аюулгүй байдлын хүчнийхэн ихээхэн цочролд орлоо. Ингээд хэдхэн цагийн дараа Кабул хот босогчдод эзлэгдснээр 20 жил үргэлжилсэн дайн дууссан юм.
Талибанчуудыг засгийн эрх авсны дараа Афганистаны олон мянган иргэн Кабул дахь Хамид Карзайн нэрэмжит нисэх онгоцны буудлын дэргэд эх орноосоо гарахыг оролдож онгоц хотын дээгүүр хөөрөхөд долоон энгийн иргэн өндрөөс унаж амиа алджээ.
Дүрвэгсэд эрс нэмэгдэв. Сүүлийн хэдэн долоо хоногт тус улсаас дүрвэж буй афган иргэдийн тоо эрс өсч олон улс орон дүрвэгсдийг хүлээн авсаар байгаа билээ.
Тагнуулын дүн шинжилгээ алдаатай байсан уу?
Шинжээчид Афганистаны засгийн газар Америкийн дэмжлэггүйгээр ноцтой аюулд орно, Афганистанд иргэний дайн дэгдэж, дүрвэгсэд тархан, бүс нутагт тогтворгүй байдал үүснэ гэж анхааруулж байсан. Гэвч Афганистан Талибан бүлэглэлд хэр хурдан эзлэгдэх талаар хэн ч бодитой таамаглаж чадаагүй гэж үзэж байна. АНУ-ын таамаглаж байснаар Кабул хамгийн багадаа зургаан сарын дараа Талибанчуудад эзлэгдэнэ гэж тагнуулын байгууллагаас конгресст танилцуулж байсан юм.
Үүнээс үүдээд цаг хугацааг буруу тооцоолсон тагнуулын алдаа болсон гэж үзэх хандлага давамгай байна. Талибанчууд нийслэл, ерөнхийлөгчийн ордон зэрэг Афганистаныг түргэн шуурхай эзлэн авсан нь АНУ -ын цэргийн тагнуулын алба нөхцөл байдлыг үнэлж чадаагүйг харуулж байна гэж Ардчиллыг хамгаалах сангийн ахлах ажилтан Билл Роггио хэлэв.
“Энэ бол хамгийн өндөр зэрэглэлийн тагнуулын алдаа гэж тэрбээр даваа гарагт CNBC-д өгсөн ярилцлагадаа хэлсэн бөгөөд энэ бол Вьетнамын дайны үеэр 1968 онд АНУ ба түүний холбоотнууд руу гэнэтийн дайралт хийсэн кампанит ажиллагаа болох Тетийн довтолгооноос хойшхи “тагнуулын хамгийн том алдаа гэж нэмж хэлэв.
Тагнуулын мэдээлэлд ямар алдаа гарсан бэ?
Афганистаны засгийн газарт 350 мянга гаруй цэрэг ажиллаж байсан. Үүнтэй харьцуулахад Талибанчууд 80 мянга орчим дайчинтай. Засгийн газар бараг дөрөв дахин их хүчтэй учраас босогчдийг тогтоон барина гэж тооцоолсон байж магадгүй юм. Гэсэн хэдий ч зэвсэгт бүлэглэл хэдхэн долоо хоногийн дотор улс орныг эзэлсэн. Ийнхүү бүтэлгүйтсэн явдлыг дараах алдаанаас болсон гэж дүгнэж болох юм.
1. Шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулж чадаагүй, мэдээлэл дутуу авагдсан, тиймээс дүн шинжилгээг оновчтой хийж чадаагүй.
– Афганистаны цэргүүд сул дорой сэтгэл зүйтэй үлдэж байгааг тооцоолоогүй. АНУ-ын цэргүүд тус улсаас гарахад бид нар байлдаж чадахгүй, бидэнд дэмжлэг байхгүй гэх сэтгэл зүй нийт цэргийн албан хаагчдын дунд түгээмэл байсныг тодорхойлж чадаагүй. Хорь орчим жилийн турш Афганистаны батлан хамгаалах салбарт 83 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн атлаа дайчдын сэтгэл зүйн талаар дэндүү хомс мэдээлэлтэй байсан нь маш том алдаа юм.
– Цэргүүдийн сэтгэл зүйн сул дорой байдлыг талибанчууд чадмаг ашиглахыг тооцоолоогүй. Талибанчууд Афганистаныг эзлэхдээ хатуу, зөөлөн хоёр аргыг хослуулжээ. Хатуу аргаар Талибанчууд цэрэг зэвсэг багатай жижиг хот, мужуудыг маш богино хугацаанд эзэлж чадсан нь бусад мужуудад Кабулын зүгээс тэдэнд цэргийн дэмжлэг үзүүлж чадахгүй гэдэг сэтгэл зүйг бий болгосон.
Улмаар Талибанчуудын зүгээс эсэргүүцэл үзүүлсэн цэргийн удирдагчид тэдний гэр бүлийг хөнөөж байв. Үүний зэрэгцээ зөөлөн арга тактик мөн ашиглаж, эсэргүүцэлгүйгээр бууж өгсөн цэргийн албан хаагчдын амь нас гэр бүлийг нь өршөөж байсан нь цэргүүдийн сэтгэлзүйд улам хүчтэй нөлөөлсөн байна.
– Афганистаны үндэсний армийн бие даах чадвар хэтэрхий сул гэдгийг тооцоолоогүй. Афганистаны үндэсний арми нь системтэйгээр авлигад автсан, хяналтгүй олон тооны анги нэгтгэлээс бүрдсэн, анги салбарын удирдлагууд нь бие бүрэлдэхүүнээ удирдах чадвар сул, ихэнх техник хэрэгсэл нь хуучирч, эвдэрсэн, үйл ажиллагаагаа маневрлах чадвар муу, цэргийн техник хэрэгслээ хулгайлж зарж борлуулдаг гэх мэт сахилга бат маш сул, үндсэндээ АНУ-ын санхүүжилт, тэдний хэт хамаарал дор арми нь оршин тогтнож үйл ажиллагаагаа явуулдаг байсан тухай олон тооны мэдээлэл авагдаж байсан ч буруу дүн шинжилгээ хийгдсэн.
– Талибанчуудын зүгээс сошиал медиаг маш үр дүнтэйгээр ашигладгийг үл тоомсорлосон. Тэд интернэт сүлжээгээр дамжуулан АНУ-тай хамтран ажиллаж буй афганчуудыг айлган сүрдүүлж, цэргийн албан хаагчдын сэтгэл зүйг өөрчилж байсан үйл явдлыг таслан зогсоож чадаагүй, үл тоосон нь нөлөөлсөн гэж үзэж байна.
– Дипломатууд нөлөөллийн ажил хийгээгүй. Америкийн дипломатууд болон тагнуулын баг нь А.Ганигийн засгийн газрыг түр зуурын шинж чанартай гэдэгтэй эвлэрснээс нөлөөллийн ажиллагаа явуулах, эх сурвалжуудтайгаа уулзах, сөрөг мэдээлэл бүхий сайтуудыг шалгах, төрийн албан хаагчдад зөвлөгөө өгөх замаар сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, орон нутгийн улс төрчдийг итгэлтэй болгох зэрэг ажлуудыг хийгээгүйгээс Талибан бүлэглэлийн хурдыг нэмэгдүүлсэн байж болзошгүй юм. Дипломатуудын хувьд ажлаа хийхээс илүүтэйгээр хамгаалалттай байранд аюулгүй байдлаа хангахыг чухалчилж байсан нь мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхэд сөргөөр нөлөөлсөн.
– Афганистаны засгийн газрын чадамжийг хэтрүүлэн үнэлсэн. 2020 оны эхээр АНУ-ын зуучлалаар Талибантай хийсэн гал зогсоох хэлэлцээр нь Афганистаны засгийн газрын нэр хүндийг нийт афганчуудын дунд сулруулж бие даан үйл ажиллагаа явуулах чадамжгүй болохыг нотолсон үйл явдал болсон. Гэсэн хэдий ч АНУ-ын зүгээс Афганистаны засгийн газрыг Талибуудтай тохиролцож чадна гэдэгт итгэж байсан нь маш том алдаа байсан.
2. Шийдвэр гаргагчдийн алдаа буюу нөхцөл байдалд үнэн бодит, зөв дүн шинжилгээ хийсэн мэдээлэлд шийдвэр гаргагчдаас хариу үйлдэл хийхгүй байх. Энэ нь мөн тагнуулын алдаанд тооцогддог.
Хэдийгээр мэдээлэл дутуу авагдаж, дүн шинжилгээ алдаатай хийгдсэн зэрэг олон алдаа байсан ч шинээр үүсч буй цагийн байдлыг үнэлж, хурдан маневрлах талаар тагнуулын албанаас хэдийн анхааруулж эхэлсэн. 2021 оны 4 дүгээр сард Ж.Байден Пентагонд 9 дүгээр сарын 11-ний дотор Афганистанаас АНУ-ын цэргийг гаргахыг тушаасан бөгөөд энэ үеэс эхлэн Талибанчуудын үйл ажиллагаа эрс идэвхжиж маш богино хугацаанд засгийн эрх авах магадлалтайг цэргийн тагнуулын албанаас 7 дугаар сард анхааруулжээ.
Тагнуулын дүн шинжээчид Талибанчуудын түрэмгийлэл, Афганистаны засгийн газрын унах магадлалыг шинэ нөхцөл байдалд тулгуурлан зөв тодорхойлсон хэдий ч цагаан ордон энэхүү мэдээллийг үл тоомсорлож Америкийн талд ажиллаж байсан иргэд, дүрвэгсэдийн асуудлыг шийдвэрлэхээс урьтаж АНУ-ын цэргийг гаргахаар шийдвэрлэсэн юм. Бодлого боловсруулагчид тагнуулын байгууллагатай уялдаа холбоогүй ажиллаж, мэдээллийг нь үл тоомсорлосноос болж гарсан үр дагавар нь тагнуулын алдаа хэвээр байдаг.
Зургаан сар ч бай, зургаан долоо хоног ч бай, цаашид гарах үр дүнгийн талаар мэдсээр байж цэгцтэй бодлого, шийдвэр гаргаагүй нь удирдлагын зүгээс тагнуулын мэдээлэлд хариу үйлдэл үзүүлээгүйн тод илэрхийлэл болсон.
Нөхцөл байдлаас үүдэн бий болсон хор уршиг
Үйл явдлын өрнөл дуусаагүй байгаагаас нийт хор хохирлыг тооцоолон гаргах боломжгүй хэдий ч одоогийн байдлаар дараах хор хохирол учраад байна.
Олон энгийн иргэн амь насаараа хохиров. АНУ-ын цэргийн хүчийг Афганистанаас нүүлгэн шилжүүлэх үед үүссэн асар их эмх замбараагүй байдлын улмаас Кабулын олон улсын нисэх онгоцны буудлын гадна дэлбэрэлт болж, үүнээс үүдэн 60 афган, 13 америк цэрэг амь үрэгдэж, 20722 хүн шархаджээ. Уг дэлбэрэлтийн дараагаар шархдагсдын 10 орчим хувь нь амиа алдсан байж болзошгүй байна. Түүнчлэн АНУ-ын талтай хамтран ажиллаж байсан гэх хэдэн иргэнийг буудан хороосныг мэдэх боломжгүй юм.
Иргэдийн амьдралын баталгаа эрсдэлд оров. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхлэх дээд комиссарын газрын 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн мэдээллээр хүчирхийллээс зугтсан 558,000 гаруй афганчууд гэр орноо орхин дотооддоо дүрвээд байна. Афганистанд үлдсэн хүмүүсийн гуравны нэг орчим нь хоол тэжээлийн дутагдалд орсон бол 5-аас доош насны хүүхдүүдийн тал орчим хувь нь хоол тэжээлийн дутагдалд ороод байна.
Зэвсэг, техникүүд Талибанчуудын гарт оров. АНУ-ын мэдээлж буйгаар Афганистаны үндэсний арми, нисэх хүчинд 2002 оноос хойш 83 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийж, үлэмж хэмжээний хөрөнгө зарцуулсан байна. Энэхүү тоног төхөөрөмжийн зарим хэсэг нь байлдааны явцад устгагдсан, заримыг нь АНУ-ын тал өөрөө агаараас цохилт өгч устгасан ч ихэнх хэсэг нь одоо Талибанчуудын гарт байна. Талибанчууд АНУ-ын зэвсэглэлийг ашиглаж эхэлсэн талаар мэдээллийн хэрэгслүүдээр нэвтрүүлсээр байна.
Бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. АНУ-ын талаас өөрсдийн алдсан зэвсгийг Талибанчууд засвар үйлчилгээ, арчлалтыг хийж чадахгүй, хэрэглэх мэдлэг байхгүй, бусад орныг эзлэн түрэмгийлэх зорилгоор байршуулдаггүй учраас төдийлөн удаан ашиглаж чадахгүй, бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх боломжгүй гэж мэдэгдэж байгаа боловч, одоогоор хичнээн зэвсэг, техник Талибанчуудын гарт орсон талаар мэдэгдэл хийгээгүй байна. Мөн Афганистаны хуучин армийн ашиглаж байсан асар их хэмжээний зэвсэг, техник хэрэгсэл Талибуудын гарт очсон нь бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
Террорист бүлэглэлүүд идэвхжих нөхцөл үүсгэв. Талибанчууд АНУ, НАТО-гийн хүчнүүдийг богино хугацаанд түлхэн унагаасан явдлыг дэлхийн өнцөг булан бүрт байх Хамас, Аль-Шабаб, Малигийн Аль-Каидагийн салбар гэх мэт террорист бүлэглэлүүд сайшаан магтаж байна. Улмаар өөрсдийн дайчиддаа урам зориг өгч, улам хүчирхэгжихийг уриалах болсон. Энэ нь болзошгүй терроризмын аюул занал өсөн нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж, олон улсын аюулгүй байдалд заналхийлж, тагнуулын байгууллагуудыг илүү сонор сэрэмжтэй байхыг шаардаж байна.
Дүгнэлт
Афганистаны үйл явдал нь бүрэн бус дутуу мэдээ, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээний явцад буруу дүгнэлт хийх, шийдвэр гаргагчид тагнуулын мэдээг үл тоосноос үүдэн үлэмж хэмжээний хохирол амсаж, улмаар үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулдгийн тод жишээ гэж үзэж байна.
АНУ-ын цэргүүд гарсны дараа Афганистаны засгийн газар унах нь тодорхой байсан ч хэр хугацааны дараа унахыг буруу тооцоолсон, тооцоололтой байсан ч үл тоомсорлосон нь нүүлгэн шилжүүлэлт, гадаад бодлогын хямралыг бий болгож олон хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж, олон улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг бий болгожээ.
Тагнуулын мэдээ, түүнд хийсэн боловсруулалт, дүн шинжилгээний ач холбогдлыг шийдвэр гаргагчид байнга анхаарах шаардлагатай юм.
- https://globalnews.ca/news/8147622/afghanistan-timeline-major-events-kabul/
- https://www.lawfareblog.com/afghanistan-policy-choices-and-claims-intelligence-failure
- https://thehill.com/opinion/national-security/569499-why-american-intelligence-failed-in-afghanistan-and-elsewhere
- https://www.cambridge.org/core/journals/world-politics/article/abs/analysis-war-and-decision-why-intelligence-failure
Эх сурвалж: NISS.GOV.MN