Эрэн сурвалжлагдаж байсан экс Ерөнхийлөгч Саакашвили видео мессежээр Батуми хотод байгаа гэдгээ мэдэгдэж видео бичлэг цацсан нь Гүржид асуудал дэгдээж байна. Саакашвили өөрийн цахим хуудастаа “Энэ бол миний Батуми. Өнөөдөр би вакцинаа хийлгэх болно, ковид удахгүй устана. Би нутгаа үнэхээр санаж байсан. Өнөөдөр миний мөрөөдөл биелж байна. Би эцсээ хүртэл Гүржийг хөл дээрээ босохын төлөө зүтгэнэ. Бүх хүмүүс 10-р сарын 3-нд Тбилисийн төв дэх Эрх чөлөөний талбайд цугларага уу” гэх мэт зүйлийг ярьсан нь Саакашвили Гүржид байгаа, байхгүй гэсэн яриа дэгдэхэд хүргээд байна.
Гүржийн эрх баригч намын удирдагч Саакашвилигийн бичлэгэд хариу өгсөн бөгөөд Михаил Саакашвилиг эх орондоо эргэж ирээгүй гэдгийг мэдэгджээ. Экс Ерөнхийлөгчийг Гүржид эрэн сурвалжилж байна. Түүнд эрүүгийн 13 хэрэг үүсгэсэн бөгөөд эрх баригчид түүнийг хил нэвтрэнгүүт баривчлах болно гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан юм.
Гүржид эрх барьж буй намын дарга Иракли Кобахидзе тус улсын экс Ерөнхийлөгч Михаил Саакашвили Гүржид байхгүй гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд Дотоод хэргийн яам ч түүнийг улсын хилээр орж ирээгүй гэдгийг нотолжээ.
Аравдугаар сарын 1-нд фэйсбүүк хуудсандаа тавьсан Саакашвилийн видео бичлэг нь шөнийн цагаар хийгдсэн бөгөөд цаана нь тэнгис харагдаж, Батуми хотын байшингуудтай төстэй барилгууд харагдаж байгаа нь түүнийг Гүржид ирсэн мэт харагдуулж байгаа. Тэр бол “алиалагч” гэж албаны хүн мөн хэлжээ.
Саакашвилигийн тэргүүлдэг “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” -ийн хэвлэлийн алба удирдагчаа ирсэн тухай мэдээллийг албан ёсоор баталгаажуулж чадахгүй байгаа бөгөөд тэд энэ мэдээллийг тодруулах гэж өөр өөрсдийн шугамаар ажиллаж байгаа аж.