АН-аас зохион байгуулсан “Одоо боллоо” уриатай жагсаал нь сөрөг хүчний Засгийн газарт өгөх зөв ташуур байх болов уу гэсэн найдвар талаар болж энэхүү жагсаал уламжлал ёсоор төлбөртэй, санхүүжилттэй байсныг нотлох зурвасууд олон нийтийн сүлжээнд дэлгэгдэж, АН-ын гишүүд ч жагсаалыг санхүүжүүлэх хөрөнгө татсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байна.
Монголын нийгэмд төлбөртэй жагсаал хийгддэг, төлбөр аваад жагсаж өгдөг бүлэг хүмүүс бий болсон талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан. Жагсаал цуглаанд багагүй оролцож явсан өмгөөлөгч Х.Бат-Ялалт өнөөдөр АН-ын жагсаалын тухай, төлбөртэй жагсаалын талаар дэлгэрэнгүй ярьжээ. Түүний ярианаас товчлон хүргэж байна:
Х.Бат-Ялалт: Өнгөрсөн 30 жил Ардчилал бий болж Монголд магадгүй сайн сайхан зүйлийг авчирсан байх. Өнөөдөр чиний үг хэлэх эрхийг энэ Ардчилсан хувьсгал бий болгосон юм гээд… Гэхдээ нэг жижиг гавьяа байгуулаад том нүгэл үйлдэж болохгүй биз дээ. Эмч хүн “Би 1000 хүн эмчилсэн юм чинь 10 хүн алчихая” гэж хэлж болохгүй байх.
Яг түүнтэй ижил “Бид нар гавьяа байгуулсан юм аа” гээд цээжээ дэлдээд бие биедээ Баатар цол өгөөд, эргээд хамаг муу муухай зүйл, шударга бусын эх үүсвэрийг тавиад, өөрсдөө хагартлаа баяжаад Монгол Улсдаа багтахгүй хөрөнгөтэй болоод, дэлхийгээ нэг үхмэл хөрөнгөнүүд тараачихсан байна.
Өнөөдөр Ардчилсан намынхан Эв нэгдлийн жагсаал хийж байна гэнэ үү. Энэ одоо юу гэсэн үг юм бэ. Ардчилсан нам чинь одоо УИХ-д бүлэгтэй нам шүү дээ. Заавал жагсаал, цуглаан хийхгүйгээр ард түмэнд хэрэгтэй хууль санаачлаад, ард олноороо хэлэлцүүлээд, дэмжлэг авах бүрэн боломжтой нам.
Гэтэл зөвхөн нөхөн сонгууль болохоор сонгуульд зориулсан жагсаал цуглаан хийгээд, тэрийгээ Эв нэгдлийн цуглаан гээд нэрлэх юм. Хоёр гурван нам, хоёр гурван даргатай болчихсон, дотроо учраа олж чадахгүй. Тэгээд нийгэмд дуу хоолойгоо хүргэх гэсэн залуу судлаачид, эх орноо гэсэн сэтгэлтэй залуучуудыг намдаа оруулах ямар ч сонирхолгүй, вакумжчихсан нам шүү дээ.
АН хэрвээ бодлогын нам юм бол гудамжинд үгээ хэлэх гээд яваад байгаа иргэний нийгмийн байгууллагын олон залуучуудыг дуудаад, уулзаад, юу яриад яваад байгаа вэ, юунд зориод байгаа вэ, шүүхийг хэрхэн шинэчлэх юм гээд сонсдог байх хэрэгтэй. Би өнөөдрийг хүртэл тэр Баатар Э.Бат-Үүл гэдэг хүнтэй нүүр тулж нэг ч уулзаж үзээгүй. Би өнгөрсөн 30 жил улс орныг удирдсан хүмүүс шүүхийг ингэж өөрчлөе гэсэн санал, захиаг бичсэн. Тэгээд тэрийг сонсохгүй хэрнээ сонгууль болохоор ард түмнээ сонсоё гээд гэнэт гараад ирдэг.
Манай камерын хам, 2009 онд би С.Эрдэнэ гэдэг хүнтэй Ганцхудагт хамт нэг өрөөнд хоригдож байсан. Хүүхэд нь Э.Одбаяр гээд залуу. Зон олны нам гээд байгуулчихсан. Өчигдрийн Монголхүү гэдэг залуу байна. Би Монголхүүг хүүхэд байхаас нь мэднэ. Гэнэт тэмцэгч болж гарч ирээд, цаад талд нь ерөөсөө “Yes or no” гээд хөдөлгөөн үүсгэчихээд Э.Одбаяр эд нарын гар хөл болоод явж байгаа байхгүй юу.
Би энэ залуучуудад хэлээд байгаа. Ард түмний сайн сайхан амьдрах гэсэн хүслээр дөрөөлж, мөнгө төгрөг харж, нэр төр ашиг хонжоо хөөцөлдөж болохгүй шүү гэж. Дээрээс нь үгээ хэлчих зоригтой залуучууд байгаад байгаа ч болох болохгүй хүмүүсийн нөлөөнд автаад, ямар ч мэдлэггүй, харанхуй сохроор хэн нэгнийг дагаж явж явж байгаад эцэст нь өөрөө мэхлүүлээд гомдоод үлддэг. Энийг л одоо больцгоо гэж хэлмээр байна.
Одоо энэ “Yes or no”, No naadam хөдөлгөөн бол Ардчилсан намын гар хөл болсон тэмцэгчид юм. Энэ нь өчигдөр харагдаад байгаа биз дээ. Бид нар жагсаалаа талбай дээр хийнэ гэхээр Ардчилсан намынхан маань хийнэ гээд байгаа. Тэгэхээр Эрх чөлөөний талбай дээр тэмцэх гэж байгаа гээд тэмцэх гэж байгаа газраа хоорондоо тохирч, зохицуулж болж байна гэдэг чинь зохион байгуулалттайг нь мэдэгдүүлээд, муухай харагдуулаад байгаа юм.
Ард түмний зөв нийгэмд амьдрах гэсэн хүслийг ашиглаж, нэр төр ашиг хонжоо хөөцөлддөг, тэгээд үүнийг санхүүжүүлдэг хөрөнгө оруулдаг, ийм нөхдүүдийн явцуу үйл ажиллагаанд оролцчихоод дараа нь харамсаад суухгүйн тулд мэдлэгээ нэгтгэж, мэдээллээ нэгтгэх хэрэгтэй.
https://www.facebook.com/batyalaltk/videos/1411733422560932/