Монгол Улсад гуравдугаар тун вакцинд хамрагдсан иргэдээс 14 хоногийн дараа 99.9 хувь нь халдвар аваагүй байгаа талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Тодруулбал, вакцины гуравдугаар тунд хамрагдсан иргэдийн 0.1 хувь нь халдвар авсан бөгөөд маш хөнгөн өвдсөн хэмээв. Дельта хувилбарын үед цэцэрлэг сургууль болон эдийн засгийг нээлттэй байлгаж, эрчимжүүлэх бодлогыг баримталж байна. Тиймээс 18-аас дээш насныхан гурав дахь тундаа зайлшгүй хамрагдахыг уриаллаа.
Тус хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд хэлэхдээ, “Нийслэлийн хэмжээнд 11 682 шинжилгээ хийсэн. Шинжилгээний зургаан цэгт 30 ажилтан өнгөрсөн 24 цагт ажиллажээ.
Тандалтад 58 тээврийн хэрэгслээр 232 ажилтан ажилласан байна. Мөн явуулын дөрвөн лаборатори байна. Явуулын амбулаторийг СХД, ХУД-т байнгын дулаан байранд шилжүүлсэн. Нийслэлд 6510 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс хүүхэд 445 бол 938 нь жирэмсэн эх юм. Тусгаарлах байранд 331 хүн эмчлүүлж байгаа бол гэрээр 35 690 хүн, ойрын хавьтал 28 663 тохиолдол байна” гэлээ.
Мөн тэрээр “Дельта вирус дэгдсэнээс хойш 92 мянган тохиолдол батлагдсан бөгөөд тэр дундаа есдүгээр сарын 1-29-ний хооронд эмнэлэгт хэвтсэн хүний тоо 18 135, эмнэлэгээс гарсан 16745 хүн байна.
Салбарын сайдын тушаалаар УОК-ын дэргэд ор зохицуулах шуурхай багийг томилсон. Өнгөрсөн хоногуудад 357 иргэн эмнэлэгт хэвтэх хүсэлт гаргаснаас 23 эмнэлгийн 272 сул оронд хэвтэх нэн шаардлагатай улаан эрэмбийн 96 хүн, улбар шар эрэмбийн 128, шар эрэмбийн 25, ногоон эрэмбийн хоёр иргэнийг хуваарилсан.
Өнөөдрийн байдлаар нөөц 27 ор байгаа. Нийслэлийн хэмжээнд 145 сул оронд хэвтэх хүмүүсийг ангилж, бусад 46 эмнэлэг рүү хуваарилдаг. Дүүргийн тандалтаар 74 жирэмсэн эх хүсэлт гаргаснаас таван эмнэлгийн 58 сул оронд хуваарилж ажилласан. Мөн хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой орон нутгаас ирж байгаа 10 мянга орчим оюутан дотуур байранд байгаа. Бид холбогдох байгууллагуудтай хамтран есдүгээр сарын эхний долоо хоногт шалгалт хийсэн. Төрийн 13 их сургуулийн оюутны дотуур байранд шалгалт хийсэн. Өнөөдрийн байдлаар оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулахыг төрийн их, дээд сургуульд уриалж байна. Одоогоор 750 оюутан халдвар авч, таван нь эмнэлэгт хэвтсэн” гэв.