-АН-ын жагсаал иргэдээ өмгөөлсөн биш, лидерүүдийнхээ эрх ашгийг хамгаалах төлбөртэй жагсаал болж хувирсан уу-
Ардчилсан нам өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд жагсаал хийж байна. Тус намынхан долоо хоногийн өмнө мэдэгдэл хийж, цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн, ард түмэн хэцүүхэн байгаа, Засгийн газрын эсрэг “Одоо боллоо” уриатай жагсаалыг хийхээ мэдэгдэж байсан юм.
Гэвч АН-ынхны санаачилсан жагсаал нь ард иргэдээ өмгөөлсөн биш, урьд өмнө болж байсан зөвхөн Ардчилсан намын лидерүүдийн эрх ашгийг хамгаалах төлбөртэй жагсаал болон хувирсан тухай баримтууд ил болж иргэдийн урмыг хугалж эхэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн бичвэр бүхий баримтууд дэлгэгдэж, АН-ын жагсаал төлбөртэй, гэхдээ бүр УИХ-ын нөхөн сонгуулийг чиглэсэн улстөрийн шоу гэдгийг батлаад байна. Бичвэртээ Б.Пүрэвдорж гишүүн “Сайн байна уу, нөхөн сонгууль үүнтэй холбоотой хийгдэж байгаа жагсаалд зориулж хандив өгөхийг гишүүдээс хүсэж байна. Бат-Эрдэнэ, Цогтгэрэл болон миний бие хандив өгсөн байна. Та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсэж байна” хэмээн тэмдэглэжээ.
Жагсаал дээр очсон сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Б.Пүрэвдорж гишүүдээс мөнгө татахыг уриалсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө.
Ардчилсан намаас үе үе жагсаал цуглаан зохион байгуулдаг. Гэвч эдгээр жагсаал цуглаан нь төлбөртэй, цай хоол тарааж өгдөг тусгай багтай, гишүүдээ цуглуулах холбогчидтой, олон нийтийн сүлжээнд уриалга явуулдаг тусгай багтай болох нь яаж ийж байгаад ямар нэг баримтаар ил болж ирсэн юм.
Монголын улс төрд өнөөдөр сөрөг хүчний орон зай дутаж байгаа ч энэ орон зайг парламентад бүлэгтэй АН нөхөж чадахгүй байна. Тус намынхан уламжлалт мөнгөний хүчээр жагсаал хийх аргаасаа ч татгалзаж чадахгүй зууралдах нь сайны дохио биш. АН-ын гэрэл гэгээ улам бүр бөхөх тийш хандаж байх шиг байна.