Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын индэр дээрээс дэвшүүлсэн тэрбум мод тарих санаачилгыг Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харьяа байгууллагууд дэмжин уриалга гаргажээ.
Тээврийн үндсэн дэд бүтэц болох авто зам, төмөр замын дагуух зурвас газар, нисэх буудал, усан замын тээврийн зогсоолын орчинг ойжуулах хөдөлгөөнийг нийт замчид, тээвэрчид уухайлан дэмжиж, гар бие оролцон хамтдаа хэрэгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгааг уриалгад дурдсан байна. Одоогоор салбарын хэмжээнд доорх санал санаачилга гарч байгаагаас дурдвал:
- “Монголын төмөр зам” ТӨХК Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг өөрсдийн хүчээр цогцлоон бүтээж буй бөгөөд 416 км замын дагуу эхний ээлжинд 100 км ойн зурвас байгуулах ба улмаар 2030 он гэхэд нийт замын дагуу ойн зурвастай болохоор зорин ажиллаж байгааг дурдахад таатай байна. Их говьд ашиглалтад орох төмөр замын хажуугаар мод тарих нь бидний өмнө тулгараад байгаа цөлжилт, элсний нүүдлийг зогсооход чухал хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.
- Монголын авто замчдын холбоо ТББ-аас Хөшигийн хөндий хүртэлх 32 км зам дагуу моджуулах ажлыг хийж гүйцэтгэх санаачилга гаргасныг талархан хүлээн авлаа.
- Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК цар тахлын хүндрэлийг даван гарсны дараагаас эхлэн жил бүр тээвэрлэж буй 500 мянган зорчигчийн тоогоор мод тарихаар боллоо.
- Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг 2030 он гэхэд одоо ашиглаж буй модон дэрнүүдээ төмөр бетон дэрээр бүрэн сольж, 1,100 км төмөр замын дагуу нийт дэр модны тоогоор 4 сая мод тарьж, ойн зурвас байгуулах санаачилга гаргалаа.
Монгол Улсын зам, тээврийн салбарын нийт аж ахуйн нэгж, ажиллагчдад салбарын яамны зүгээс эх дэлхийгээ хайрлан хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, Монгол Улсын иргэний эрүүл орчинд амьдрах нөхцөлийг хангахын төлөө, өөрсдийн гэрэлт ирээдүй, үр хойчийнхоо төлөө мод тарих буянт үйлсэд гар бие оролцож, Улсын Ерөнхийлөгчийнхөө санаачилгыг дэмжихийг урилжээ.
Эх сурвалж: ЗТХЯ