Дэлхийн алдарт “Amazon” компанийн зүгээс өөрсдийн хөгжүүлсэн Alexa хиймэл оюун ухааны системд суурилсан Astro хэмээх ухаалаг, гэрийн роботыг танилцуулсан байна. Энэхүү робот нь бие даан үйлдэл гүйцэтгэх чадамжтайн зэрэгцээ хэрэглэгч алсаас удирдах боломжтой байх юм.
Ингэхдээ гэрт эзгүй үед харуул хийх, тэжээвэр амьтан асрах, ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд хэрэглэгчид мэдээлэх зэрэг олон ажлуудыг гүйцэтгэх ажээ. Түүнчлэн робот бүр өөрийн гэсэн зан чанарыг хөгжүүлэх боломжтой байхаар програмчлагдсан хэмээн холбогдох мэргэжилтнүүд мэдээлсэн байна.
Зах зээлд 999.99 ам.долларын үнээр худалдаалагдаж эхлэх уг робот нь цаашид эрэлт өндөртэй бүтээгдэхүүнүүдийн нэг болох бүрэн боломжтой гэж үйлдвэрлэгчдийн зүгээс таамаглаж буй бөгөөд ялангуяа, өндөр настай иргэдэд ихээхэн тустай төхөөрөмж болохыг онцолжээ.
Иймд, ирэх 5-10 жилийн хугацаанд АНУ-ын өрх бүр хамгийн багадаа нэг роботтой болно хэмээн тооцоолж буй аж.
Бүтээгдэхүүнийг эхний ээлжинд дотооддоо буюу АНУ-д худалдаалж эхлэх бөгөөд ирэх оноос олон улсын зах зээлд нийлүүлэх юм. Харин ойрын ирээдүйд Astro-ийн адилаар гэр ахуйн ажлыг хөнгөвчлөх, ухаалаг роботууд олноор үйлдвэрлэгдэх магадлал өндөртэйг салбарын мэргэжилтнүүд цохон тэмдэглэсэн байна.
“Amazon” компанийн хувьд, өнгөрсөн хугацаанд ухаалаг богино долгионы зуух, дохиолол зэрэг нэгж хэрэгслүүдийг танилцуулсаар ирсэн ба эдгээр нь бүгд Alexa хиймэл оюун ухааны системтэй холбогддогоороо давуу талтай билээ.
Эх сурвалж: BBC