АН өнөөдөр ээлжит мэдээллээ өгч, энэ оны арваннэгдүгээр сарын 5-нд Эв нэгдлийн их хурлаа хуралдуулж, намын даргаа сонгохоо мэдэгдлээ.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дараа С.Эрдэнэ АН-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ч удалгүй намын дарга хэвээр байгаагаа зарлаж намын даргын сунгаа явуулж М.Тулгатыг сонгосон. Харин С.Эрдэнээс тамга гардан авсан Ц.Туваан намын даргын сунгааг зэрэгцэн явуулж О.Цогтгэрэл сонгогдсон бөгөөд хоёр тал зөвшилцөлд хүрч, намын нэг даргатай болно гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдээлж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Их хурлаар олонхын санал авсан хүнийг намын даргаар сонгох бөгөөд ялсан болон ялагдсан тал хоёр биедээ хүндэтгэлтэй хандах болно” гэсэн бол М.Тулгат, “Монголын төрд сөрөг хүчний дуу хоолой туйлын чухал байна.УИХ-д суудалтай, бүлэгтэй АН ул суурьтай, улс төрийн соёлтой сөрөг хүчин болохын тулд дотоод асуудлаа нэн даруй шийдвэрлэх ёстой. АН-ын үүсэж байгаа, цаашид дахин үүсэж болзошгүй зөрчлийг ул үндсээр нь устгах системийн өөрчлөлтийн энэ Их хурлаар хийх ёстой” хэмээн мэдэгдэж байна.