Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас есдүгээр сарын 16-наас 23-ны хооронд “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгуулсан.
Энэ хүрээнд нийслэл болон 15 аймгийн 176 тариалан эрхлэгч, ногоочин нийт 15 төрлийн 700 тонн гаруй төмс, хүнсний ногоог нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж, 770 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Мөн 18 хүнсний үйлдвэр, 20 мал аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд оролцжээ. Төв, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгийн оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд тус арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл сунгаж өгөх талаар ХХААХҮЯ-нд хүсэлт гаргасан байна.
Дээрх хүсэлтийн дагуу НЗДТГ-аас дэлхий нийтийг хамарсан “Covid-19” цар тахлын үед эдийн засгийг дэмжих, ажлын байрыг тогтвортой байлгах, газар тариалан эрхлэгч болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор Сүхбаатарын талбайд нийт 50 асраар үнэ төлбөргүй худалдаа, үйлчилгээ эрхлэх боломж олгожээ.