Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов.
Энэхүү уулзалтад дэлхийн эмэгтэй Гадаад хэргийн сайд нар, НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Гүйцэтгэх захирал, тус байгууллагын орлогч захирал, НҮБ-ын улс төр, энхийг цогцлоох асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга, Хүүхэд болон зэвсэгт мөргөлдөөний асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай төлөөлөгч, НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын хамтарсан хөтөлбөрийн захирал зэрэг дэлхийн гадаад бодлогыг тодорхойлох олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хүчин зүтгэж буй манлайлагч эмэгтэйчүүд оролцсон байна.
Тэд охид, эмэгтэйчүүдийн эрх, тэгш оролцоо, КОВИД-19 цар тахлын дараах дэлхий дахины нөхцөл байдал болон бусад тулгамдаж буй олон асуудлаар санал бодол, туршлагаа солилцсон байна.
Эмэгтэй гадаад хэргийн сайд нарын “ажил хэргийн” анд нөхдийн бүлгийг анх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Албрайт, Шведийн Гадаад хэргийн сайд агсан Анна Линд нар 1990 онд санаачлан байгуулж байсан түүхтэй.
Энэхүү хорь гаруй жилийн түүхтэй уламжлалт уулзалтыг энэ жил Лихтенштейн, Швед Улсын Гадаад хэргийн сайд нар хамтран Нью-Йорк хотноо зохион байгуулав. НҮБ-ын гишүүн 193 улсаас 34 улс нь эмэгтэй Гадаад хэргийн сайдтай бөгөөд энэ удаагийн уулзалтад 21 орны сайд нар оролцжээ.