Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайд агсан, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Соёмбо цогцолборыг Баруун-Урт суманд байгуулах ажил өнгөрсөн хавар эхэлсэн. Тус цогцолбор тун удахгүй нээгдэх гэж байна.
Батлан хамгаалахын сайдын тушаалаар байгуулсан ажлын баг 9 дүгээр сарын 24-нд Сүхбаатар аймагт ажиллаж, цогцолборын хөшөөг суурилуулжээ. Хөшөө босгох ажилд Зэвсэгт хүчний 338 дугаар анги болон Ж.Ёндон генералын гэр бүлийн төлөөлөл оролцсон байна.
Хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит цогцолбор байгуулах ажлыг БХЯ, ЗХЖШ, Сүхбаатар аймгийн нутгийн захиргааны байгууллагууд болон Жагсаалч Ж.Ёндон сан, Төрийн хүндэт харуул, Монгол генерал төв, Монгол хурандаа нийгэмлэг, Монгол цэргийн нэгдсэн холбоо зэрэг ТББ-ууд хамтран хэрэгжүүлж байгаа билээ.