Налайх, Тэрэлж чиглэлд өчигдөр (2021.09.21) орсон түр зуурын хүчтэй аадар бороо, хүчтэй мөндөрийн улмаас Налайх дүүрэгт 3 айл үерт автан нурж, 20 гаруй айлын хашаа эвдэрч, олон айл өрх усанд автжээ.
Аадар 16:00-17:00 цагийн үед буусан бөгөөд орон сууцны подвал хонгилууд усанд автах, цахилгаан под станц үерт автаж усаар дүүрсэн зэргээс үүдэн хэсэгчилсэн цахилгааны хязгаарлалт хийсэн байна.
Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 36 алба хаагч 4 автомашинтай, дүүргийн эрчим хүч түгээх төвөөс 7 ажилтан 2 автомашинтай, “Чандмань Налайх” байгууллагаас 12 ажилтан 2 автомашинтай нийт 55 ажилтан, алба хаагч 8 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн 18 хүний амь насыг авран хамгаалж 1 автомашиныг аюулгүй газарт гаргажээ.
Өнөөдрийн байдлаар Налайх дүүрэгт усанд автсан айл өрхүүдэд туслах, сэргээн босгох, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимтэй хийх, нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх, цаашид үерийн эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй бүсүүдийг бүсчлэн ялгах, үе шаттай арга хэмжээ авах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна гэж Налайх дүүргийн Шуурхай штабаас мэдээлэл өглөө.