Түймрийн хамгийн том хор хөнөөл нь унтарсны дараа эхэлдэг. Түймрийн дараа ойн амьдрал үгүй болж тэнд байсан ан амьтдаас амьд үлдсэн цөөхөн хэд нь үүр, хүнс, амьдрах орчингүйн улмаас маш их туйлддаг. Учир нь тухайн ойн уугуул амьтдын идээшиж дассан хүнс, бэлчээр, ус, үүр, нуувч гээд бүх зүйл галд шатан үгүй болдог байна.
Энэ бүхэн эргэн сэргэж, амьтад эргээд хэвийн амьдралдаа ороход хэдэн арван жил шаардлагатай. Түүнчлэн түймэрт өртөж, биологийн олон янз байдал нь алдагдсан газарт өмнө нь байгаагүй ургамал ногоо, өвс ургаж, түүнийг дагаад өмнөхөөсөө өөр эко-систем бүрэлдэж эхэлдэг.
Тухайн ойг хуучин байснаар нь авч үлдэхэд нэгэнт оройтдог. Гэр орон болсон байгаль нь орвонгоороо өөрчлөгдөхөд хуучин өндөр модод, тэнд ургадаг ургамлуудыг түшиглэн амьдардаг байсан амьтад өөр шинэ газар нутаг хайхаар нүүж эхэлнэ. Гэвч орчин үед хүний хөл хүрээгүй газар цөөн тул дассан газраасаа нүүн зүдэрч яваа амьтад хот суурин, тосгодод орж ирэх нь элбэг.
Ойн тэнцвэртэй байдалд амьтад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ойн амьдралын орчин хэдэн арав биш хэдэн зуун, мянган жилээр хэмжигддэг гэдгийг ойлгох хэрэгтэй юм.
Эрүүл ой, онгон зэрлэг байгаль ан амьтдыг эргүүлэн авчирдаг. Хэмжээлж барамгүй энэ их хор хөнөөл хүмүүс бидний санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн бий болдог гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Ойн түймрийн аюулаас та бид урьдчилан сэргийлж чадна.
Асаасан галаа бүрэн унтрааж, байгаль дэлхийдээ хог хаяхгүй байх маш энгийн алхмуудыг хэвшүүлээрэй хэмээн Нийслэлийн байгаль орчны газраас уриаллаа.