Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй 9 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Төв байранд уулзав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойн жил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд биечлэн оролцож байгаагаа тэмдэглээд, НҮБ-ын зүгээс Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг тууштай дэмжиж, идэвхитэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Цаашид тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангах, залуучуудын оролцоог дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон энхийг сахиулах ажиллагааны асуудлаар дэвшүүлж байгаа санаачилгаа ажил хэрэг болгоход НҮБ-тай нягт хамтран ажиллахаа нотолсон байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын улс төр, эдийн засгийн хөгжил тогтвортой байгаа төдийгүй энхийг эрхэмлэгч, энх тайванч улсын хувьд бүс нутгийн болон олон улсын өмнө тулгарч буй чухал асуудалд идэвхтэй байр суурьтай оролцож, НҮБ-ын хөгжлийн үйл ажиллагаа, энхийг сахиулах үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ илэрхийлэв. Тухайлбал, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр дорвитой хувь нэмэр оруулж байгааг дурдаад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулах амлалт авч байгааг талархан хүлээн авч байгаагаа тэмдэглэлээ.