НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган энэ сарын 14-нд эхлээд байна. Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд болж буй уг чуулган цар тахлын улмаас цахимаар болон биечлэн оролцох хэлбэрээр явагдана.
Энэ удаагийн чуулганд урьдчилсан байдлаар 111 улсын төр засгийн удирдлагууд биечлэн оролцохоо мэдэгджээ.
Монгол Улсын хувьд НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх биечлэн оролцож, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үндэсний хэлээрээ илтгэл тавихаар яригдаж буйг гадаад бодлогын зөвлөх тодотгов.
Тэрбээр чуулга уулзалтын үеэр буюу маргааш НҮБ-ын Хүүхдийн сангийн төв байгууллагын захиралтай цахим уулзалт хийнэ.
Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаярын мэдээлснээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш болон Америкийн эдийн засагч, Колумбийн их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс, Вьетнам, Унгар, Польш улсын удирдагч нартай биечлэн уулзалт хийхээр төлөвлөжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийг ирэх онд Монгол Улсад урих юм байна.
2016 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд биечлэн оролцож байснаас хойш Ерөнхийлөгчийн түвшинд биечлэн оролцож байгаагүй бөгөөд таван жилийн дараа 76 дугаар чуулганд оролцохоор есдүгээр сарын 20-нд АНУ-ыг зорих гэж байна.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уг чуулганд оролцоно.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган есдүгээр сарын 27-нд өндөрлөнө.
Өнгөрсөн жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга цахимаар оролцож байжээ.
Сүүлийн таван жилийн хугацаанд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд цахимаар болон биечлэн оролцсон эрхмүүд:
- 2016 он: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
- 2017 он: Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил
- 2018 он: Ерөнхий сайд У.Хүрэлсүх
- 2019 он: Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
- 2020 он: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /Цахимаар/