УИХ энэ оны нэгдүгээр сард Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, арилжааны банкийг хөрөнгийн биржэд бүртгэлтэй компани болгохоор хуульчилсан билээ. Өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн таван банк IPO хийнэ гэдгийг мэдэгдлээ.
Банкны шинэчлэгдсэн хуулийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд долдугаар сарын 1-ний дотор Төв банкинд IPO хийх төлөвлөгөөгөө өгөх ёстой аж. Тэдний тав нь ирэх оны 1, 2 дугаар улирлын хооронд IPO хийнэ. Таван банкны IPO хийх нийт дүн 500-700 тэрбум төгрөг бөгөөд нийт хувьцааныхаа 5-15 хувийг олон нийтэд санал болгоно гэж Б.Лхагвасүрэн мэдээлэв.
IPO (Initial Public Offering) нь компани анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгохыг нэрлэсэн үйл явц бөгөөд IPO хийж байгаа арилжааны банкууд Монгол Улсын Банкны тухай хуулийн дагуу Монголбанкны хяналтад байна. Мөн Хөрөнгийн биржид бүртгэлтэй болж байгаа учраас Санхүүгийн зохицуулах хорооны давхар хяналтад орно гэсэн үг юм.