-Хоёр тамирчны хооронд болох тэмцээн Олимпийн наадмын медалийн төлөө тоглолтоос дутуугүй олны анхаарлыг татах нь-
Сонирхогчийн боксын 56 кг-ын жингийн тамирчдыг чансаагаараа Азид тэргүүлж, дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа МУГТ Э.Цэндбаатарыг тойрон өрнөж буй асуудал нийгмийн анхаарлыг татаж, бизнесмэнүүд хандив татаж эхлэхээ мэдэгдсэн бол ДАШТ-д түүнийг оролцуулах хүсэлтэд 2018 иргэн гарын үсэг зурсан байна. Мөн Монголын боксын холбооны шинэ тэргүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямбаатар луу чиглэсэн, шударга спортыг улстөржүүлсэн гэсэн шүүмжлэл ч гарч, энэ асуудал нийгмийн бүх л давхаргыг хамарч байсан юм.
Өчигдөр (2021.09.16) Монголын боксын холбоо асуудалд уян хатан хандаж байгаагаа мэдэгдлээ. Тус холбооны зөвлөл хуралдаж ДАШТ-нд Э.Цэндбаатарын жинд оролцох тамирчныг тодруулахын сорилго тэмцээнийг олон нийтэд нээлттэй явуулахаар шийдвэрлэсэн байна.
Сонирхогчийн боксын 56 кг-ын жинд Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга, Э.Цэндбаатар нарын хооронд явуулах сорилго, тэмцээнийг аравдугаар сарын 3-нд явуулахаар болжээ. Сорил тэмцээн Олон Улсын боксын холбооны дүрмээр буюу гурван минутын гурван үетэйгээр зохион байгуулна.
О.Тулга нь энэ жил 21 настай, залуучуудын Азийн аваргын шалгаруулах тэмцээний хүрэл медальтай, Алдар нийгэмлэгийн залуу тамирчин юм. Одоогоор ОХУ-ын Москва хотод Армийн ДАШТ-д оролцож байгаа юм байна.
Аравдугаар сарын 3-нд болох хоёр тамирчны хооронд болох тэмцээн Олимпийн наадмын медалийн төлөө тоглолтоос дутуугүй олны анхаарлыг татах бололтой.
Шийдвэрийн дараа МУГТ Э.Цэндбаатар өөрийн цахим хуудастаа “Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Ард түмэнд намайг зөвөөр ойлгуулж өгсөн н.Лодойсамбуу ахдаа баярлалаа. Намайг алдаагаа засах боломжоор хангаж, итгэл хүлээлгэсэн Монголын боксын холбооны шинэ ерөнхийлөгч Х.Нямбаатар болон удирдах зөвлөлийн гишүүддээ маш их баярлалаа хэмээн мэдэгдээд илүү их хичээж та бүхнийхээ итгэлийг алдахгүй өндөр амжилт үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ.