“Ноёд” группийн Ерөнхий захирал Г.Буяндорж гэр бүлийн хамт өнөөдөр /2021.09.15/ УЕП-ын гадаа мэдээлэл хийж, прокурорын байгууллагын хууль бус үйлдлээс болж бизнес болон амьдралаараа хохирсон асуудлаар мэдээлэл хийж, хугацаагүй суулт зарлаж байгаагаа мэдэгдлээ.
Энэ суулт нь Г.Буяндорж ба түүний гэр бүлийн хүний хоёр дахь суулт юм. 2020 оны гуравдугаар сард хийсэн тэдний суулт нь коронавирусын эсрэг хэрэгжүүлж байгаа дэглэмээс болж завсарласан. Г.Буяндорж нь “Ноёд констракшн” компаниа эргүүлэн С.Билэгтэд алдаж, 2012 оноос хойш хохирсон маргаан өнөөдөр 9 дэх жилдээ үргэлжилж байгаа юм.
БЗД-ийн Ерөнхий прокурор хийж байгаа Ц. Батболд, Улсын Ерөнхий прокурорын газарт прокурор хийж байгаа Ж.Сандагсүрэн, Нийслэлийн прокурорын Хяналтын газрын прокурор байсан Б.Халиун болон УЕП-ын орлогч Максимын Чинбат, шүүгч Зүмбэрэллхамын Шүрэнчулуун нарыг 26 тэрбумын хөрөнгийг луйвардах үйл ажиллагаан дэмжлэг үзүүлж, хонгилын хуульчдын зарчмаар ажилласан гэлээ.
Иргэн Г.Буяндоржийн авилгын хэрэгт УЕП-ын орлогч, прокурорын байгууллагын хоёр дахь албан тушаалтан шинээр нэр холбогдон гарч ирж байгаа нь сонирхол татаж байна.
Максимын Чинбат нь 2019 онд УЕП-ын орлогчоор томилсон бөгөөд Сүхбаатар аймагт төрсөн. 1989 онд Сүхбаатар аймаг, Наран сумын 8 жилийн сургууль, 1991 онд Сүхбаатар аймаг, Баруун-Урт, 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг төгссөн байна.
1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй.Тэрбээр 1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор, 1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч, 2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор, 2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокуророор тус тус ажиллаж байжээ.
2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор, 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор, 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокуророор ажиллаж байгаад 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн прокуророор ажиллаж байгаа юм байна.