Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор эхлүүлсэн. Томуу, томуу төст өвчөөс сэргийлэх сайн дурын дархлаажуулалтыг Халдварт өвчин судлалын үндэсний төвд энэ долоо хоногоос хийж эхлээд байна.
Энэ удаагийн дархлаажуулалтыг есдүгээр сарын 13-22-ны хооронд зохион байгуулах бөгөөд 2-11 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг хамруулах юм. Дархлаажуулалтад зорилтот бүлгийн 170 мянга гаруй иргэн хамрагдах тооцоо гарсан. Түүнчлэн энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн томуугийн вакцинаар дархлаажуулалтыг хийж байна.
Нийслэлийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтын цэг гаргасан бол сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд явуулын баг дархлаажуулалт хийхээр төлөвлөсөн. Өрхийн эрүүл мэндийн төвүүд дэх дархлаажуулалтын цэгүүд энэ сарын 13-наас томуугийн вакцин хийж эхэлсэн. Харин явуулын дархлаажуулалт өнөөдрөөс эхэллээ.