Мэдээллийн технологи хүн төрөлхтний амьдралын салшгүй нэгэн хэсэг болж буй энэ үед цахим банкаар тэргүүлэгч ХААН Банк “IT-ийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан цалинтай дадлагажуулах хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүллээ.
Амжилтад тэмүүлэн шинийг эрэлхийлэгч, бүтээлч залууст онолын мэдлэгийг практиктай хослуулан, ирээдүйд ажиллах салбараа биечлэн таньж мэдэх боломж олгох зорилготой энэхүү хөтөлбөрт 300 гаруй залуус хүсэлтээ ирүүлснээс 5 үе шаттай сонгон шалгаруулалтын дүнд шилдэг 18 оюутан шалгарсан билээ.
Эдгээр залуус сүүлийн хоёр сарын хугацаанд ХААН Банкны холбогдох газарт цалинтай дадлага хийж, өнгөрсөн баасан гарагт батламжаа гардан авлаа. “Цалинтай дадлагажуулах хөтөлбөр”-т хамрагдсан оюутнуудаас 8 дадлагажигч энэ оныг дуустал үргэлжлүүлэн ажиллаж, улмаар их сургуулиа төгсөх хүртлээ дадлагажих боломжтой болсон бол нэг оюутан ХААН Банкны хамт олонтой нэгдэж, үндсэн ажилтнаар ажиллахаар боллоо. Харин бусад оюутны хувьд сургуулиа төгссөний дараа ХААН Банканд ажилд орох боломж нээлттэй аж.
Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад батламж гардуулах ёслолын үеэр ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба “ХААН Банк бол хүн өөрөө хичээвэл карьерийн хувьд өсөн дэвжих боломжоор дүүрэн, шинэ зүйлийг хийж, бүтээж, туршиж, амьдруулан нутагшуулж болдог байгууллага гэж би хардаг. Та бүхнийг энэ хамт олны нэг хэсэг байх, хамт ажиллахад ямар байдаг вэ гэдгийг төлөөлөх, зөв, үнэн мэдээллийг өгөх хүмүүс байгаасай гэж хүсэж байна” гэж өгүүлсэн юм. Мөн энэ үеэр Мэдээллийн технологи хариуцсан дэд захирлын орлогч Б.Ариунболд “Банкийг зөвхөн бизнесийн байгууллага гэж хардаг, ойлгодог үе өнгөрч байна. Бидний хувьд өөрийн гэсэн технологийг бий болгож, цахим шилжилт хийж буй. Өөрөөр хэлбэл, өдөр өдрөөр технологийн компани болон тэлж байгаа энэ үед шинэ мэргэжилтнүүд, чадварлаг боловсон хүчнээр эгнээгээ тэлэх нь маш чухал” гэж онцолж байлаа.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд орчин үеийн хамгийн шинэ, дэвшилтэт техник технологиуд дээр ажиллаж, банкны хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд бодит хувь нэмрээ оруулсан тухай сэтгэгдлээсээ дадлагажигч Б.Баярбаатар хуваалцахдаа “Энэ хөтөлбөрт хамрагдаад ХААН Банканд үндсэн ажилтнаар ажиллах болсондоо маш их баяртай байна. Өнгөрсөн 6-р сард дадлага хийхээр ирж байхдаа юу хийх, хэрхэн ажиллах талаараа бодож төсөөлсөн зүйлгүй байлаа. Дадлагажих явцад биднийг зааж чиглүүлэн, сурч мэдэх боломж олгосонд баярлалаа” гэсэн юм. Мөн дадлагажигч Э.Эрмүүн “ Би “Томүжин” альтернатив сургуулийн 12-р ангийг төгссөн. Зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх хүслээр дадлагажих хүсэлтээ гурван газарт гаргаад энэ хөтөлбөрт тэнцсэн. Дадлага хийхдээ мэдэж сурсан бүх зүйл маань цаашид надад хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Би цаашид хиймэл оюун ухаан, data science чиглэлээр суралцах хүсэлтэй” гэв.
Ташрамд, чадварлаг, манлайлагч мэргэжилтнүүдийг сурган бойжуулах “IT-ийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан цалинтай дадлагажуулах хөтөлбөр”-ийг ХААН Банкнаас жил бүр уламжлал болгон хэрэгжүүлэх юм.