Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Уулзалт дээр бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг төлөөлөн хэлсэн MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргалын байр суурь:
Ж.Оджаргал: -Манай эдийн засаг зэс, алт, нүүрс, цайрын орлогоос бүрддэг. Зэс, алт нийлээд хоёр тэрбум ам.долларын экспорт хийдэг. “Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга”-ын төсөл хэрэгжиж л зэс, алтны борлуулалт өснө. Мөн Зүүн баяны төмөр зам ашиглалтад орвол төмрийн хүдрийн борлуулалт өснө. Нүүрсний тухайд өнөөдөр үнэ ханшийн хувьд оргил үедээ байна. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн хилийн боомтын терминалыг яаралтай ашиглалтад оруулах шаардлага бий. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн экспортод ихээхэн нөлөөтэй салбарууд. Худалдааны санхүүжилтийн хэрэгслийг хурдан шийдвэл том төслүүдэд Засгийн газрын баталгаа чухал үүрэгтэй. Төр хувийн хэвшил хамтран ажиллах гэж байгаа бол Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаа эерэг нөлөө үзүүлдэг. Төрийн гурван өндөрлөг эдийн засгийн нэг цонхны бодлого явуулах болсныг баяртайгаар хүлээн авч байна гэв.
Төрийн ордонд болж буй “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад оролцож буй иргэд, хувийн хэвшлийн төлөөллийн зүгээс цар тахлын онцгой нөхцөлд онцгой байдлаар дэмжлэг үзүүлэхийг хүсэж байлаа. Тухайлбал, Ажил олгогчдын нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар “Аж ахуйн нэгжүүдийг шалгаж, шантаажлахаа болиоч ээ, 2022 онд торгууль, хүү тооцохгүй байхаар ажиллавал маш сайн байна” гэв. Мөн халамжийн бодлогыг тэлснээс болж, ажиллах хүчний хомсдолд орчихоод байна, ажил хөдөлмөр хийж байгаа эгэл жирийн хүмүүсээ дэмжих бодлого боловсруулах цаг боллоо зэрэг саналыг хэлж байлаа.