Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Уулзалт дээр бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг төлөөлөн хэлсэн Б.Жаргалсайханы байр суурийг хүргэж байна.
“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан: Архины онцгой албан татвар ХБНГУ-д л гэхэд манайхаас хэд дахин их. Хотод ч, хөдөөд ч согтуу хүмүүс. Уулын аман дахь амралтын газруудаар дүүрэн согтуу хүмүүс байна. Төр засаг үүнд анхаараач ээ. 800 жилийн өмнө монголчууд бид тарваган тахлаас амжилттай гарсан туршлага бий.
УИХ-ын дарга Спиртийн татварын хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Нөгөөтээгүүр, улсын төсөв бол нэг тогоо. Гэтэл энэ улсад ээж л ганцаараа хоол бэлддэг, ажил хийдэг. Аймгуудын Засаг дарга нар орон нутгийн төсвийнхөө 50 хувийг өөрсдөө бүрдүүлэх цаг боллоо. Тэд хэзээ болтол улсын төсвөөс татаас авч амьдрах юм бэ? Тэгсэн атлаа улс орны хөгжилд хувь нэмэр оруулахгүй байна.
Тээврийн улмаас юмны үнэ их өслөө. Түүхий эд ачсан галт тэргүүд буцахдаа хоосон ирдэг байдлыг болиулж, хориглох хэрэгтэй. Гашуунсухайтад чөлөөт бүс байгуулбал нүүрсний экспорт өснө. Машинаа нэмээд ч нүүрсний гаргалт өссөнгүй.
ОХУ манайд 40-60 хувийн худалдааны татвар тавьсан. Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй. Япон Улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан ч тэд бидэнд хуучин машинаа борлуулдаг нь бидэнд алдагдалтай. Тяньжинд гацсан чингэлгийн 60 хувь нь машинууд байна.
Машиныг нь авсан болохоор сэлбэг хэрэгслээ бас худалддаг. Яагаад япончууд манай улсад шинэ технологи нэвтрүүлсэнгүй вэ, шинэ үйлдвэр барьсангүй вэ. Төгсгөлд нь бензинээс онцгой албан татвар авдаг жишгийг эргүүлэн тогтооё. Манайх шиг татваргүй улс алга. Тиймээс жорлондоо орохдоо машин унах шахуу байдалд орчихоод байна.
Төрийн ордныг тойроод битүү приүс. Өглөө ирээд зогсчихдог. Үүнээс болж түгжрэл үүсэж, хаашаа ч явах гарцгүй, ажил хийж болохгүй байна. Зунжин хөдөө яваад, намар бөөн хурал хийдэг амьдралын энэ хэмнэлээ өөрчлөх цаг боллоо гэв.