-Саналын хуудсыг хэвлэх үед бар кодны зураас унших хэсэгт алдаа гаргасан нь Төв аймгийн хэмжээнд саналын хуудас тоолох машин ажиллахгүй байх шалтгаан болсон гэв-
СЕХ 18.00 цагт сонгуулийн санал хураалтын явцын мэдээллийг өглөө. Орон нутаг болон нийслэлийн дүүргүүдээс 16.00 цагт авсан мэдээллийг 17.00 цагт нэгтгэсэн дүнгээ СЕХ танилцуулж байгаа юм. 16.00 цагийн байдлаар сонгогчдын ирж улсын хэмжээнд 38.44 хувьтай байжээ. Харин нийслэлийн хэмжээнд ирц 38.85 хувьтай байна.
Санал хураалтын энэ өдөр Төв аймагт саналын хуудас уншихгүй байна гэсэн гомдол гарсан. СЕХ-ны хэвлэлийн хурлын өмнө МАН-аас хэвлэлийн хурал хийж Төв аймгийн сонгогчдын саналыг 100 хувь гараар тоолох шаардлага хүргүүлнэ хэмээн мэдэгдсэн. Тэгвэл СЕХ 16.00 цагийн ирцийн мэдээг хүргэхдээ энэ асуудалд тайлбар өглөө.
Саналын хуудсыг хэвлэх үед бар кодны зураас унших хэсэгт алдаа гаргасан нь Төв аймгийн хэмжээнд саналын хуудас тоолох машин ажиллахгүй байх шалтгаан болсон гэж СЕХ, ТЕГ болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамтарсан ажлын хэсэг үзсэн байна. Өглөөнөөс хойш Төв аймгийн сонгуулийн хэсгийн хороодын автомат машиныг хэвлэгдсэн саналын хуудсыг унших боломжтой хэлбэрээр програмчилах ажлыг хийж сумдад хүргэсэн гэж СЕХ мэдээлж байна.
Төв аймаг 27 сумтай бөгөөд 21 суманд программ хүргэгдсэн. Зургаан суманд хүргэх ажил хийгдэж байна. Хамтарсан ажлын хэсэг саналын хуудас яагаад дутуу хэвлэгдсэн болохыг шалгаж тогтооно гэв. Сонгуулийн саналын хуудсын тухайд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн саналын хуудас тус тусдаа бар кодтой хэвлэгдсэн аж. Гэвч Төв аймгийн хэмжээнд ажиллаж байгаа сонгуулийн 84 хэсэгт ажиллаж байгаа 88 машин саналын хуудсаа таниагүй.
Энэ асуудлаар СЕХ хуралдаж, санал тоолох автомат төхөөрөмжийг санал тоолох үйл явцаас өмнө ажиллагаанд оруулах, сонгуулийн дүнг СЕХ нэгтгэж авсаны дараа Төв аймгийн 84 хэсгийн хорооны саналын хуудсыг 100 хувь гараар тоолно. Саналын хуудас буруу хэвлэгдсэн шалтгааныг тогтоож, буруутай этгээдэд хариуцлага тооцно. Үйлдвэр дээр очиж эх бэлтгэлийг шалгана. Өнөөдөр үйлдвэр амарч байгаа учраас очиж болохгүй байна. Гэхдээ удирдлагуудтай нь ярилцсан байгаа гэж СЕХ-ны дарга Ч.Содномдорж мэдээлэв.
Сонгогчдын ирц, аймаг дүүргээр
Аймаг |
Ирц / хувиар 17.00 цагийн байдлаар |
Архангай |
40,3 |
Баян-өлгий |
41,5 |
Баянхонгор |
46,5 |
Булган |
36,8 |
Говь-алтай |
38,8 |
Говьсүмбэр |
44,1 |
Дорноговь |
41,1 |
Дорнод |
32 бага |
Дундговь |
37,2 |
Завхан |
43,5 |
Өвөрхангай |
37,7 |
Өмнөговь |
33,5 |
Сүхбаатар |
44,1 |
Сэлэнгэ |
36,6 |
Төв |
38 |
Увс |
41,2 |
Ховд |
38,1 |
Хөвсгөл |
37,2 |
Хэнтий |
36,5 |
Дархан-уул |
33,6 |
Орхон |
30,6 |
Аймгууд /нийт дүнгээр/ |
38,1 |
Улаанбаатар хот/дүүргээр/ |
|
Баянзүрх |
|
Хан-уул |
38,9 |
Сүхбаатар |
38,9 |
Чингэлтэй |
37 |
Баянгол |
40,4 |
Сонгинохайрхан |
36,6 |
Багануур |
37,2 |
Багахангай |
70,2 |
Налайх |
37,9 |
Нийслэлийн хэмжээнд/нийт дүнгээр/ |
38,85 |
Улсын хэмжээнд /нийт дүн/ |
38,44 |
1 comment
Songuuliig hundetgesen Baga-hangaichuuddaa bayarlalaa. Turiin alban haagchdiin uureg ih baisan shuu. Ta nartaa ajliin amjilt husie.