БНХАУ -ын дарга Ши Жиньпин, АНУ -ын Ерөнхийлөгч Жо Байдентай сүүлийн долоон сарын хугацаанд анх удаа утсаар холбогдон ярилцлаа. Энэ нь Ерөнхийлөгч Жо Байдены ажлаа авснаас хойш хийсэн хоёр дахь дуудлага юм. Цагаан ордон энэ талаар “Хоёр удирдагч өрсөлдөөн, зөрчилд хүрэхгүй байх, хоёр үндэстний үүрэг хариуцлагын талаар ярилцсан” хэмээн мэдэгдлээ.
АНУ, Хятадын харилцаанд хурцадмал худалдаа болон тагнуул, цар тахал гэх мэт зөрчилтэй асуудлууд бий. Энэ талаар “Хоёр удирдагч хоёр улсын ашиг сонирхол, үнэт зүйл, хэтийн төлөв, өөр хоорондоо ялгаатай талуудын талаар өргөн хүрээний стратегийн асуудал хөндөж, хэлэлцүүлэг өрнүүлсэн” хэмээн Цагаан ордон мэдэгдэлдээ нэмж дурдсан байна.
Энэхүү хэлэлцүүлэг нь Ерөнхийлөгч Жо Байдений хэлснээр АНУ, БНХАУ -ын хоорондох өрсөлдөөнийг хариуцлагатай удирдахын тулд АНУ-аас явуулж буй хүчин чармайлтын нэг хэсэг хэмээн хэлсэн бол Хятадын Төрийн мэдлийн CCTV “Утсаар өрнөсөн хоёр удирдагчийн яриа илэн далангүй байсан бөгөөд өргөн хүрээний стратегийн харилцаа холбоо, харилцан анхаарал хандуулж буй асуудлуудыг хамарсан хэмээн мэдээлжээ.
Хятадын дарга Ши хэлэхдээ “Хятад, АНУ хоёр харилцаагаа зөв зохицуулж чадах эсэх нь дэлхийн ирээдүйн хувь заяанд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп мөн анх албан тушаалаа аваад Ши Жиньпинтэй ойр ойрхон харилцаж байсан бөгөөд Трамп засаглалынхаа эхний зургаан сарын хугацаанд ноён Шитэй хоёр удаа утсаар ярьж, БНХАУ-ын даргыг өөрийн хувийн клуб болох Мар-а-Лаго хотод урьж, биечлэн уулзалт хийж байсан юм.
Цагаан ордны өндөр албан тушаалтны баасан гаригт хэлэхдээ, энэ дуудлага нь Хятадын доод түвшний албан тушаалтнууд түүний засаг захиргаатай бодитой яриа хэлэлцээ хийх хүсэлгүй байгаагаас болж “ихэд бухимдсан” Ерөнхийлөгч Байдений хүсэлтээр хийгдсэн гэж мэдэгджээ. Энэ оны эхээр Байдены засаг захиргаа, Хятадын хооронд өндөр түвшний яриа хэлэлцээ хийгдсэн ч, уур амьсгал хурц, хэлэлцээр хурцадмал байдалтай өрнөсөн юм.
Хятадын эрх баригчид АНУ-ыг “Хятад руу халдахыг” бусад улс орнуудад өдөөн турхирсан хэмээн буруутгасан бол АНУ Хятадын төлөөлөгчид “олны анхаарлыг татахын тулд” хэлэлцээний ширээнд суусан гэж мэдэгджээ.
Хүний эрх ба хөндлөнгийн оролцоо, хүний эрх, ардчиллын гол тулгамдсан асуудал зэрэг нь эдийн засгийн хоёр аваргын зөрчилддөг хэд хэдэн гол асуудлын нэг юм. АНУ Хятадыг Шинжаан мужийн Уйгур үндэстний эсрэг геноцид хийсэн гэж буруутгаж байсан. Түүнчлэн, Бээжин саяхнаас хэрэгжсэн Аюулгүй байдлын тухай хуулиар Хонконг дахь ардчилсан эрхийг уландаа гишгэсэн, үүнийг эсэргүүцэгчдийг дарахын тулд ашигласан хэмээн эсэргүүцэж байсан.
Үүний зэрэгцээ Хятад улс Вашингтоныг Бээжингийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохоо болихыг шаардан, АНУ эрх баригч коммунист намыг “бохирдуулах” гэж байна хэмээн удаа дараа буруутгаж байв. Тус хоёр улсын дунд худалдааны асуудал бас бий. Хоёр улс хоёулаа 2018 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трампын үед хэрэгжүүлсэн худалдааны дайнд түгжигдсэн байдалтай байгаа.
АНУ Бээжингийн 360 тэрбум гаруй долларын бараанд гаалийн татвар ногдуулсан бол Хятад улс АНУ-ын 110 тэрбум гаруй ам.долларын бүтээгдэхүүнд ногдуулсан татварын хариуг өгчээ. Ноён Байден ч өмнөх Ерөнхийлөгчийнхөө Бээжингийн эсрэг хийсэн худалдааны хатуу зарчмыг зөөлрүүлээгүй нь Хятадыг бухимдуулж байгаа юм.
Эх сурвалж: BBC