Есдүгээр сарын 11 буюу үйлт алан хядах ажиллагааны 20 жилийн ой ойртжээ. Дурсгалын арга хэмжээндээ ч бэлтгэж байна. Үүнтэй холбоотой эхний дуулиан ч дэгдлээ. Энэ сэдэвтэй холбоотой мэдээллийн урсгал дундуур есдүгээр сарын 7-17-ны хооронд Гуантамогийн хориход Халид Шейх Мохаммед болон түүний хамсаатнуудын хэргээр “шүүхийн өмнөх сонсгол” болно гэсэн мэдээлэл гарчээ.
Энэ бол үнэндээ гайхмаар мэдээ юм. АНУ-ын эрх баригчид дэлхийн хамгийн алдартай террорист халдлагыг зохион байгуулагч гэж үздэг энэ эрд өнөөг хүртэл ял өгөөгүй аж. Гэтэл тэрбээр 2003 оноос хойш Америкийн шоронд хоригдож байна. Анх түүнийг 2012 онд шүүх гэж оролдсон юм. Тэгээд янз бүрийн шалтгаанаар энэ шүүх хурлыг удаа дараа хойшлуулж байсан. Эцэст нь уг процессыг 2021 оны нэгдүгээр сард явуулахаар төлөвлөсөн боловч дараа нь коронавирусийн тахал гарч, шүүх хурал дахин хойшилжээ. Одоо “шүүхийн өмнөх сонсгол” болох төлөвтэй байгаа ч тэдний дараа ердийн шүүх хурал эхэлнэ гэсэн баталгаа байхгүй.
Халид Шейх Мохаммедын намтар нэлээд хэцүү, маргаантай, яаран бичсэн адал явдалтай роман шиг л байдаг. Нэг талаас Америкийн тусгай албад түүнийг орчин цагийн хамгийн том алан хядах ажиллагаанд хамааралтай гэж сэжиглэдэг. Түүний хамаатан Рамзи Юзеф 1993 онд Дэлхийн худалдааны төвийг дэлбэлэхийг оролдож байсан, түүнчлэн Америкийн 11 онгоцыг дэлбэлэх томоохон алан хядах ажиллагааг төлөвлөж байсан хэмээн АНУ-ын хүчнийхэн үздэг. Түүний хийх алан хядах ажиллагааны цаад захиалагч нь Халид Шейх Мохаммед гэж америкчууд таамагладаг байв. Тэдний хувилбараар бол энэ хүн олон ч өөр халдлагыг зохион байгуулсан нэгэн гэнэ.
Харин өөр талаас авч үзвэл Халид Шейх Мохаммед нь олон жилийн турш Катарын Эрчим хүчний яаманд гэм зэмгүйгээр алба хашиж явсан. Мөн хэн ч түүнийг шилжүүлэн өгөөгүй, байцааж байгаагүй. 1990-ээд он, 2000-аад оны эхээр тэрбээр дэлхийн өнцөг булан бүрээр аялж, эрх чөлөөг эдэлжээ. Түүнийг 2003 онд л Пакистаны тусламжтайгаар Америкийн аюулгүй байдлын хүчнийхэн баривчилсан гэдэг.
Алан хядагчийг эхлээд Польшид Тагнуулын төв газрын нууц шоронд, дараа нь Румынд байлгаж, хайр найргүй тамлаж, унтуулахгүй, усанд живүүлж шийтгэдэг байжээ. Дөрвөн жилийн дараа Халид Шейх Мохаммед есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан хүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдэг.
Энэ бол хүлээн зөвшөөрүүлэлт, “нотлох баримтын хатан хаан” мэт санагдуулж байгаа биз. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гол хорон санааг сэдэгч нөхөр бүх зүйлдээ гэмшсэн гэж мэдээлж байлаа. Гэхдээ яагаад ч юм бэ, 2007 онд алан хядагчийг шүүх хурал явагдаагүй. Энэ үед тэрбээр аль хэдийн Гуантанамод байсан тул тэндээ үлджээ.
Есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаанаас хойш хэдэн сарын хугацаанд Америкийн хүчнийхэн 800-гаар тоологдох хүнийг “Аль-Кайда”-тай холбоотой хэрэгт сэжиглэн баривчилж, Гуантанамод хорьж байлаа. Тэднийг “дайсны цэргүүд” хэмээн зарласан бөгөөд тэдэнд хүний эрхийн ямар ч хэм хэмжээг баримтлаагүй аж. Тэдэнтэй үнэхээр хүнлэг бус харьцаж байсан гэдэг. Ямар ч шүүх хурал явуулахгүйгээр, хугацаагүйгээр хорьсоор л байв. Ерөнхийлөгч Буш Америкийн “алан хядах ажиллагаатай хийх дайн” дуустал тэднийг шоронд суулгах болно гэж амлаж байв. Өөрөөр хэлбэл үүрд мөнх суулгана гэсэн үг.
10 жилийн дараа мэдээллийн шуугиан бага зэрэг намжиж, дэлхийн хамгийн аймшигтай шоронд цаг хугацаа өнгөрөөсөн хоригдлуудыг шүүх, мөрдөн байцаалтгүйгээр аажмаар суллаж эхлэв. Суллагдсан Гуантанамогийн хохирогчид Пентагоны эсрэг шүүхэд хандаж, сэтгүүлчдэд эрүүдэн шүүх явцыг тайлбарлаж, хүний эрхийг хамгаалагчдад хандаж байлаа. Америкийн Фемида шударга ёсыг тогтоох гэсэн бүх оролдлогоо таслан зогсоож байгааг энд хэлэх нь илүүц биз. Ингээд шүүхэд гаргасан гомдлыг удаа дараа хэрэгсэхгүй болгож эхэлжээ.
Олон улсын терроризм нь орчин үеийн улс орнуудын жинхэнэ гамшиг болж, алан хядах ажиллагааны удирдагчтай хэрхэн харьцах талаар бага багаар ойлгомжтой зөвшилцөл бий болов. Бусдад ая тухгүй байдал үүсгэхгүйн тулд муу санаатнуудыг баривчилж, шүүж, шоронд хорьж, эсвэл огт нэрэлхэж зоволгүйгээр шууд устгана. Энэ нь зарчмын хувьд тэднийг дараачийн ээлжийн хүмүүс хүмүүст сайн сургамж, анхааруулга болно.
АНУ бол террористуудад үнэ цэнтэй хэрэгсэл мэт ханддаг дэлхийн цорын ганц улс юм. Талибан хөдөлгөөний удирдагчдыг барьж, шоронд орж, дараа нь нэг удаа сулладаг байна.
Бас Америкийн иргэн байсан, 2000-аад оны хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан алан хядагч Осама бен Ладеныг хэдэн жилээр олж чадахгүй. Тэгснээ нэлээд бүдэг бадаг нөхцөлд түүнийг хөнөөсөн гэх. Гэвч 3 сарын дараа түүнийг хөнөөсөн нөхөд болох Америкийн тусгайгийнхан ямар нэгэн бүдэг бадагхан ослоор амиа алдах.
Харин одоо Халид Шейх Мохаммедын түүхийг хөндөхөд хэрэв тэр үнэхээр буруутай бол үүнийг нь шүүхээр нотолж, анд нөхрийн үүднээс алан хядагчийг цаазлах ёстой. Хэрэв тэр буруугүй бол суллаад, нөхөн олговор төлж, уучлалт гуйх ёстой мэт. Гэвч үгүй юм аа. Мохаммед бараг 20 жил эрхээс гадуурх байдалд л байна. Хуйвалдааны онол руу орохыг хүсэхгүй байгаа боловч Америкийн эрх баригчид есдүгээр сарын 11-ний террорист халдлагыг зохион байгуулагчтай холбоотой үйл явцыг хойш татаж байна вэ гэсэн асуулт зайлшгүй гарч ирж байна.
Хохирогчдын төрөл төрөгсөд ч сандарч мэгдсэн хэвээр байна. “Надаад шүүх хурал одоо хүртэл явагдаж байгаа юм уу гэж асуудаг. Үгүй дээ, бүр эхлээ ч үгүй байна хэмээн хэлдэг” хэмээн есдүгээр сарын 11-нд амиа алдсан цагдаагийн эхнэр Кейтлин Вигано 2019 онд л сэтгүүлчдэд ярьж байжээ.
Мохаммед болон түүний дөрвөн хамсаатны өмгөөлөгчид шүүхэд мэдүүлэг авахын тулд хэрхэн эрүүдэн шүүж байсныг ярихаар бэлтгэж байна. Тэд шүүхэд томограмм, рентен зураг үзүүлж, байцаалтын үеэр ямар хүнд гэмтлүүд авсан болохыг гаргаж тавихаар төлөвлөжээ.
Мөн алан хядагчдыг шүүх, ял оноох “цэргийн комисс”-ын статус ч ойлгомжгүй. Энэ нь эрүү, хээрийн цэргийн шүүхийн эрлийздүү зүйл аж. “Нэг удаагийн шүүх ажиллагааны зардал ихтэй, амжилтгүй оролдлого” хэмээн Америкийн хуульчид нэрлэж байна.
Сэтгүүлчид есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааг мөрдөх үеэрээ АНУ-ын Засгийн газар “баримтыг хуурамчаар үйлдэж”, өмгөөлөгчдийг тагнаж чагнасан гэдэг. Тэгэхээр шүүх үйл явцын үеэр Вашингтонд таагүй ямар нэгэн асуудал дэгдэх вий гэсэн сэжиг таамаг өөрийн эрхгүй үүсэж байна.
Хэргийн гол учир нь америкчууд есдүгээр сарын 11-нд үнэндээ яг юу болсон талаар тодорхой танилцуулдаггүй. Албан ёсны хувилбаруудад ан цав, цоорхой өч төчнөөн бий. Асуултууд үлдэж, хуримтлагдаж, 20 жилийн дотор үүнд хариулах зүйл огт олдсонгүй.
Шоумен, улстөрч, алан хядах ажиллагааны үеэр Миннесота мужийн захирагч байсан Жесс Вентура Пентагон руу дайран орсон онгоцны сэг хаашаа алга болсон бэ гэх энгийн асуудлыг хөндөж байлаа. Тэр ч байтугай тэрбээр “Бушийн засаг захиргаа эсвэл энэ алан хядах ажиллагааг эртнээс мэдэж байсан буюу өөрөө эсвэл гар бие оролцсон уу” гэж байв.
Дэлхий дахинаа алдартай найруулагч Спайк Ли “Өндөр цамхгийн ган хийц галд хайлах боломжгүй. Хайлуулах температур ч хангалттай байгаагүй” хэмээн тэмдэглэсэн юм. Тэрбээр “Архитектор, инженерүүд есдүгээр сарын 11-ний тухай үнэний төлөө” хэмээх судалгааны тусгай бүлгийн байгуулсан идэвхтнүүдийн тухай баримтат кино хийжээ.
Фэрбенкс дэх Аляскийн их сургуулийн мэргэжилтнүүд энэхүү гал нь гурав дахь тэнгэр баганадсан барилга нурахад хүргэж чадахгүй байсан гэж тооцоолж байсан бөгөөд үүнийг гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бараг дурдаагүй байдаг. Энэ 47 давхар барилга яагаад нурсан нь одоог хүртэл тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч XX зуунд өндөр барилгыг онгоц мөргөсөн ч унаж байгаагүй, онгоц нь л сүйрсэн байдаг. Гэхдээ одоо тэр гунигтай зүйлийг ярихаа больё.
Хэрэв энэ бүх асуудлаар ил тод мэтгэлцээн чөлөөт байдлаар явуулбал ямар нэгэн таамаглал, сэжиг үүсэхээргүй байлаа. Гэвч Америкийн засаг захиргаа зөвшөөрөөгүй бүхнийхээ амыг таглахыг илүү үзэж буй бололтой.
Ийм л уур амьсгалд Америк домогт алан хядах ажиллагааныхаа 20 жилийг ойг тэмдэглэж байна. Хохирогчдын төрөл төрөгсдийн олонх нь холбооны засаг захиргааны төлөөлөгчдийг ихэр цамхаг байсан Ground Zero-д эмгэнэлт үйл явдлыг ойд оролцохгүй байхыг уриалж байгаа юм. Саяхан нэг хохирогчийн хүү Ник Хэрос Ерөнхийлөгч Байденд дурсгалын ёслолын ажиллагаанд оролцох эрх байхгүй гээд, АНУ-ын армийн ерөнхий командлагчийг “ерөнхий алуурчин” гэжээ.
Эх сурвалж: RIA