Польш улс анхны Үндсэн хуулиа баталсны 230 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Ойн арга хэмжээний хүрээнд Польш Улсын Үндсэн хуулийн трибуналаас зохион байгуулсан “Үндсэн хуулийн уламжлал” сэдэвт олон улсын цахим хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат илтгэл тавьж оролцлоо.
Тэрбээр, Монголын төр, эрх зүйн түүхэн уламжлал, Үндсэн хуульт ёсны төлөвшлийн сэдвээр тавьсан илтгэлдээ, “Монгол Улс төр, эрх зүйн өнө эртний өвөрмөц түүхэн уламжлалтай улс билээ. Энэ уламжлал нь олон зуун жилийн түүхийг дамжин, нийгмийн хөгжлийн ээдрээтэй, түвэгтэй янз бүрийн цаг үеийг даван туулж, өөрийн нөлөө, үнэ цэнийг хадгалан хамгаалсаар ирсэн. Монгол Улс эртнээс уламжилж ирсэн хууль тогтоомжийн талаар дорвитой судалгаа хийж өнөөдөр хууль тогтоомжийн 25 боть эмхэтгэл гаргасан юм.” гэдгийг дурдлаа.
Мөн “Хорьдугаар зуун бол Монгол Улсын төдийгүй дэлхийн улс орнуудын хувьд төрт ёс, эрх зүйн хөгжлийн нэн шинэ үеийг тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн, гүн гүнзгий өөрчлөлт, хувьслын эрин үе байлаа.
Хорьдугаар зууны эхэн үеэс Монгол орны нийгэм-улс төрийн амьдралд түүхэн эргэлтийн шинжтэй үйл явц идэвхитэй өрнөж 1911 онд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосноор шинэ үеийн хууль цааз, эрх зүйн үнэт зүйлсийг шинээр бий болгон хөгжүүлэх, нааштай, таатай нөхцөл бүрэлдсэн”-ийг онцлон тэмдэглэв.
Польшийн анхны Үндсэн хууль нь Америкийн Нэгдсэн Улсын 1788 оны Үндсэн хуулийн дараа батлагдсан, Европ тивд Үндсэн хуульт ёсыг тогтоосон хамгийн анхны эрх зүйн түүхэн баримт бичиг билээ.