Хөл хорионоос үүдэн хүмүүс онлайн буюу цахим дэлгүүрийг сонгон үйлчлүүлэхийг эрмэлзэж байна. Гэвч баталгаат хүнийг сонгон захиалгаа өгч чадаагүйгээс үүдэн мөнгөө залилуулах, чанаргүй бараа бүтээгдэхүүн худалдан авах гэсэн эрсдэл бий болж байгааг мэргэжилтнүүд байнга анхааруулсаар ирсэн. Гэвч хүмүүсийн цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр залилагчдын арга заль мөн нэмэгджээ.
Тухайлбал, цахимаар бараа захиалахдаа утасны дугаараа сэтгэгдэл хэсэгт олон нийтэд нээлттэй үлдээх нь хакеруудад томоохон “олз” болдог байна. Учир нь энэ нь таны банкны данс, gmail хаяг болон бусад нууц мэдээлэл рүү утасны дугаараар тань дамжуулан нэвтрэх, хакердах үндэс болдог аж.
Мөн интернет кафе болон бусдын компюьтерээр дамжуулан интернет банк руугаа нэвтэрсэн тохиолдолд үүнийгээ хаах шаардлагатай. Учир нь энэ дараагийн хүн нэвтэрч, гүйлгээг үргэлжлүүлэх эрсдэл болдог гэдгийг өчигдөр болсон “Цахим орчин дахь залилах гэмт хэрэг” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд анхааруулсан юм.
ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ ОЛОН УЛСАД 300 ХУВИАР ӨСӨВ
Цар тахлын нөлөөгөөр цахим орчны хэрэглээ нэмэгдэж улмаар олон улсад залилах гэмт хэргийн хохирлын хэмжээ нэмэгдэж байгааг Монголбанк онцоллоо. Дэлхий нийтээрээ жил гаруй хугацааг цар тахалтай өнгөрүүлж байгаатай холбоотойгоор цахим залилангийн тоо өсч, олон хүн хохирчээ.Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мэдээллээр цар тахлын улмаас цахим халдлага 300 хувиар өсчээ.
Монгол Улсын хувьд 2021 оны эхний зургаан сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 24.7 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Үүний ихэнх нь цахим залилан байна. Өнгөрсөн оны эцсийн байдлаар залилах гэмт хэргийн тоо 2.4 дахин буурсан ч өндөр дүнтэй гадаад мөнгөн гуйвуулгын хохирлын хэмжээ өссөн.Энэ нь мэдээллийн үнэн зөв эсэхийг нягтлаагүй, энэ талын мэдлэг мэдээлэл хомс, мэргэжлийн хүнтэй зөвлөхгүй гаргасан түргэн шийдвэрийн үр дагавар юм.
Тиймээс Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанкны холбоо хамтран залилах болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Ятгах тусам нягтал-2021” аяныг энэ оны долдугаар сарын 19-нөөс аравдугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулж байна. Санхүүгийг залиланг бууруулахад дан ганц төрийн байгууллагуудын оролцоо хангалттай бус.
Иргэдийн санхүүгийн мэдлэг мэдээлэл, санхүүгийн харилцаанд оролцох зөв дадал нэн чухал” гэв.Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний санхүүгийн болон хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор залилангаас урьдчилан сэргийлэх дөрөв дэх удаагийн “Ятгах тусам нягтал-2021” аянг зохион байгуулж байгаа нь энэ юм.
“ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЭХЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛСӨН”
Монгол Улсад цахим гэмт хэрэг 2017 онд 136 байсан бол 2021 оны эхний долоон сарын байдлаар 776 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдэлгэр мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Цагдаагийн байгууллагад 2017 онд 2030, 2018 онд 5372 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2021 оны эхний долоон сарын байдлаар 3635 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна. Энэ нь Монгол Улсад бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн 16-24.7 хувийг эзэлж байна. Интернет хэрэглээний өсөлтийг дагаад залилах гэмт хэрэг цахим хэлбэрт шилжсэн.
Манай улсад дараах хэд хэдэн төрлийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Нэгдүгээрт, онлайн худалдаан дээр урьдчилгаагаа түрүүлж шилжүүлснээр хохирогч болдог. Хоёрдугаарт, хайхрамжгүй үйлдлээсээ болж facebook-ийн нууц үгээ алддаг. Үүнээс үүдэн ойр дотны хүмүүсээс нь мөнгө зээлэх гэмт хэрэг их үйлдэгдэж байна. Гуравдугаарт, танихгүй хүнээс их хэмжээний зээлийн санал ирдэг.
Энэ нь ихэнхдээ гадны аль нэг санхүүгийн байгууллагын нэр барьсан байдаг. Зээлийн хүсэлт илгээснээр зээлийн шимтгэл, хүүгийн урьдчилгаа төлбөр байдлаар мөнгө залилдаг. Дөрөвдүгээрт, азтан шалгаруулах нь залилах гэмт хэргийн хэлбэр юм. Тавдугаарт, өв залгамжлал нэрээр мөнгө залилж байна. Тухайлбал, “Таньтай ижил нэр, данстай хүн нас барсан учир та өв залгамжлагч боллоо” гэсэн мэдээллийг цахим чатаар илгээж байна. Үүнд иргэд итгэж урьдчилгаа мөнгө шилжүүлж хохирдог.
Зургадугаарт, пирамид тогтолцооны арга буюу олон хүн нэг дор хохирдог залилангийн гэмт хэргийн төрөл байдаг. Энэ нь хүн элсүүлдэг бус хөрөнгө оруулалтын хэлбэрт шилжин иргэдийг залилж байна” гэж ярилаа. Пирамид тогтолцооны аргаар 2017-2020 онд 27 тэрбум төгрөгийн хор хохирол иргэдэд учирчээ. Энэ мөнгө бүгд хил даван гарч, гадаад руу шилжсэн байна. Цахим гэмт хэргийн улмаас иргэдэд энэ оны эхний долоон сарын байдлаар 9.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Мөн залилах гэмт хэрэг нэмэгдэхэд хууль эрх зүйн өөрчлөлт нөлөөлснийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдэлгэр онцоллоо. Тэрбээр “Залилах гэмт хэрэг өссөн нь нэгдүгээрт эрүүгийн хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотой.
2017 оны долдугаар сарын 1-нээс эхэлж хэрэглэж байгаа Эрүүгийн хуулинд залилах гэмт хэргийн хохирлын доод хэмжээг заагаагүй. Харин өмнөх хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш хохирол учруулсан бол залилах гэмт хэрэг гэж үзэж хэрэг үүсгэдэг байсан. Мөн тодорхой үйлдэл тус бүрийг гэмт хэрэг гэж үзэн тусдаа эрүүгийн хэрэг үүсгэж байгаа. Өмнөх хуулиар нэг этгээд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нэг хэрэг бүртгэл нээдэг байсан” гэв.
ХОРТОЙ КОД АГУУЛСАН ВЭБСАЙТААР ХАКЕРУУД НУУЦ КОДЫГ ОЛЖ АВДАГ
Ийн цахим залилангаас хэрхэн урьдчилан сэргийлж, эрсдэлээс хамгаалах талаар Монголбанкны холбооны Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөлийн дарга З.Ганбагана мэдээлэл өгсөн юм.Тэрбээр “Цахим орчин дахь хакерууд хувь хүний мэдээллийг авахыг хүсдэг. Энэ мэдээллийг олж авсны дараа санхүүгийн хэрэгсэл рүү нь нэвтэрдэг.
Ингэхдээ хакерууд facebook-тэй адилхан платформ гарган, хүмүүсийн анхаарлыг татах мэдээллийг цацдаг. Хүн сонирхолтой мэдээлэл хэмээн мэдээний линк рүү орж, тэр линкэн доторх facebook-ийн нууц кодыг хийх хуурамч талбар дээр дарснаар нууц кодоо алддаг.Эдгээрийг фишинг буюу хортой код агуулсан вэбсайт гэж нэрлэдэг.
Мөн хэн нэгэн найзаас тань ирсэн линкээр орсноор мэдээллээ алдах эрсдэлтэй. Цахим худалдаа “Авах хүмүүс нь гар утасны дугаараа үлдээгээрэй, хүргэлт үнэгүй гэдэг” учир хүмүүс дугаараа сэтгэгдэл хэсэгт үлдээдэг. Ингэснээр хакер таны дугаарыг олж авдаг. Facebook болон интернет банкны нууц дугаар тань утасны дугаар тань бол мэдээллээ алдах үйлдлийг иргэн өөрөө хийжээ. Иймээс хувийн мэдээллээ цахим орчинд бичихдээ хянамгай хандах хэрэгтэй.
Хортой код агуулсан сайтуудад нууц код болон gmail-аа бүртгүүлсэн л бол хакерууд таны мэдээллийг олж авч, банкны данс руу нэвтэрдэг. Мөн өөр хүний төхөөрөмжөөр цахим хаяг болон интернет банк руугаа нэвтрэхгүй, үнэгүй нийтийн WIFI ашиглахгүй байх хэрэгтэй. Учир нь нийтийн WIFI-д хортой код агуулсан WIFI байдаг. Үүн дээр нь дарж орсноор интернет банкны нууц үгээ алддаг. Эдгээрээс олон улсын мөнгөн гуйвуулга хамгийн өндөр дүнтэй хохирол учруулж байна.Монгол Улсад криптовалютыг зохицуулах хууль эрх зүйн орчин одоогоор байхгүй. Үүнтэй холбоотойгоор олон залилах гэмт хэрэг гарч байна. Тиймээс эхэнд найдвартай криптоювалютын биржийг сонгох шаардлагатай” гэсэн юм.
Үүнээс гадна цар тахлын үед интернет банкаар хийх цахим гүйлгээ эрс нэмэгдсэн. Иймээс интернет банк руу нэвтрэх, гүйлгээний нууц үг, картын пин кодыг хүнд дамжуулахгүй байх тал дээр иргэд арилжааны банкуудтай хамтран ажиллах шаардлагатайг Монголбанкны холбооны дэд ерөнхийлөгч Р.Мөнхтуяа санууллаа.
Эх сурвалж: