Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөн (2021.09.06) дээр Сангийн яам 30 автобусны тендерийг гацаасан. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт тендерт дөрөв дэх компанийг шалгаруулахгүй бол Авлигатай тэмцэх газарт өгнө хэмээн сүрдүүлсэн гэж мэдэгдсэн Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын мэдэгдэл Сангийн яамыг хөдөлгөөнд оруулжээ.
Ажлын дунд садаа болдог шуналтан, эрх мэдэлд дулдуйдагч нар хотын хөгжилд гай болж байна
Хотын дарга Д.Сумьяабазар: Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1200 орчим автобус иргэдэд үйлчилж байна. Гэвч 2022 онд 532 автобусны ашиглалтын хугацаа нь дуусна. Оронд нь үйлчилгээнд явах автобус байхгүй учраас ашиглалтын хугацааг сунгахаас өөр аргагүй. Ашиглалтын хугацаа дууссан автобус иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд эрсдэлтэй.
30 автобусны тендер зарлахад Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт нэгт шалгарсан компанийг бус дөрөв дэх компанийг шалгаруул гэдэг албан бичгийг явуулсан. Хэрэв шалгаруулахгүй бол АТГ-руу бичиг хүргүүлнэ гэсэн. Тендерийн хуулийг дандаа ингэж завааруулна. Хэрэв автобус шатвал С.Наранцогт хариуцлага хүлээх үү. Сангийн яам ч хариуцлага хүлээх үү. Гэвч эцэст нь аль, аль нь хариуцлага хүлээхгүй.
Ажлын дунд садаа болдог шуналтангууд, эрх мэдэлд дулдуйдагч нар хотын хөгжилд гай болж байна. Одоо ахиад 500 орчим автобус оруулж ирнэ. Ахиад гацаана. Өөрсдийнх нь ашиг сонирхол бүхий компани тендерт шалгарах ёстой юм байх. Нийтийн эрх ашиг буюу нийслэлд тулгамдаж буй асуудалд тэдэнд ямар ч хамаагүй. Тэд өнгөрсөн 30 жилийн хугацаанд ингэж явж иржээ. Нийслэлийн удирдлагууд л тендер явуулдаггүй, гацаагаад байгаа мэтээр нийгэмд ойлгуулдаг.
Гэвч Сангийн яамныхан тэр дундаа төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтод нийслэлийн асуудал ямар ч хамаагүй юм байна. Бүр болохгүй бол 532 автобусыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулна.
Хотын дарга Д.Сумъяабазар ямар нэгэн баримтгүйгээр байгууллага, хувь хүний нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтын өчигдөр хийсэн тайлбар: Хариуцлагатай төрийн өндөр албан тушаалтан, Хотын дарга Д.Сумъяабазар ямар нэгэн баримтгүйгээр байгууллага, хувь хүний нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор нийслэл рүү албан бичиг явуулсан” гэжээ. Уг албан бичигт,
“Сангийн яам ямар нэгэн байдлаар аль нэг компанитай гэрээ байгуулах тухай болон Авлигатай тэмцэх газарт шалгуулах талаар үг, үсэг байхгүй. Энэ албан бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д заасан зүйлийн дагуу тендерт оролцогч компаниуд Сангийн яаманд гомдол гаргасан тохиолдолд хариуцсан улсын байцаагч тухайн тендерийн материалтай танилцаж, өөрийнхөө дүгнэлтийг гаргаж, холбогдох дарга нараар хянуулж, Төрийн нарийн бичгийн дарга албажуулдаг.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн нийтийн тээврийн парк шинэчлэлт төслийн хүрээнд 60 ширхэг автобус худалдан авах тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарлаж, долоон компани оролцсон. Тухайн тендерт “Сүлдэрхан мениралс” компани шалгарсан. Дээр дурдсан хуулийн дагуу тендерт оролцсон долоон компанийн гурав нь 18 зүйлээр гомдол гаргасан. Гомдлын дагуу шалгаж үзэхэд зургаан шаардлага хангаагүй байсан гэж улсын байцаагч дүгнэсэн. Тухайлбал, тус компани нь автобус нийлүүлж байсан туршлагагүй. Өөрийн эзэмшлийн засварын төвгүй зэрэг шаардлагуудыг хангаагүй. Нууц гэрээгээр машин механизм нийлүүлсэн гэдэг туршлага бичсэн байсан. Татвар төлөгчдийн мөнгө яригдаж байгаа газарт нууцаар хэдхэн хүн нийлээд гэрээ байгуулж болохгүй хэмээн ярилаа.
Хотын дарга Д.Сумьяабазар Сангийн яамны мэдэгдэлд хараахан хариулт өгөөгүй байна. Гэсэн хэдий ч нийслэлээс зарлагдсан нийтийн тээврийн автобусны тендер нийтийн анхааралд өртөж, хуулийнхан болон мэдээллийн хэрэгслүүд нэмэлт мэдээлэл хайгаад эхэлжээ. Хоёр талын зөрүүтэй мэдэгдэл юунд хүргэж төгсөх вэ гэсэн асуултын хариуг нийгэм ч мөн хүлээгээд эхэлжээ.