Ургацын урьдчилсан балансаар нийт 559.2 мянган тонн улаанбуудай үтрэм дээр буух төлөвтэй байгааг ХХААХҮЯ мэдээллээ.
Үүнээс энэ оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд хэрэгцээндээ 50.8 мянган тн улаанбуудайн үр нөөцөлнө. Үрийн зориулалтаар 19.8 мянган тн, тэжээлд 36.7 мянган тн, спиртийн үйлдвэрт 25.1 мянган тонныг зарцуулах санал ирүүлснээр гурил үйлдвэрлэлд нийт 426.8 мянган тн буудай нийлүүлэх төлөвтэй байна.
Гэхдээ таримлын болц, цаг агаарын төлөв, ургацад хийсэн эрсдэлийн үнэлгээтэй уялдуулан урьдчилсан балансаар гурил үйлдвэрлэлд нийлүүлэх боломжтой 426.8 мянган тн буудайн хэмжээг 20 хувь буюу 85.3 мянган тонноор багасгаж тооцвол 341.4 мянган тн буудай нийлүүлэхээр байгаа аж.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 310 мянган тн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай. Балансаас харахад 2021-2022 оны хэрэгцээг хангах хэмжээний улаанбуудайн нөөц бүрдэхээр урьдчилсан баланс гарчээ.